Их хэмжээний хөрсний ус шавхаж, байгаль орчинд хохирол учруулсан ч холбогдох байгууллагаас ногдуулсан нөхөн төлбөрийг барагдуулахаас татгалзаж, Засгийн газрыг шүүхэд өгсөн “Риверстөүн пропертийз” ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах нь ус ашиглаж буй хэлбэр биш, тиймээс нөхөн төлбөр төлөх ёсгүй гэсэн тус компанийн нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн байна. Ингэснээр “Риверстөүн пропертийз” ХХК барилга барих явцдаа сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зөвшөөрөлгүйгээр шавхаж урсгасан усныхаа ашиглалтын төлбөрийг зохих хууль, журмын дагуу холбогдох байгууллагад барагдуулах нөхцөл үүсэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан тус компанийг багадаа 6.5 сая шоо метр ус хууль бусаар шавхаж, хий дэмий урсгасан гэж тооцоод, 20 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулаад буй билээ.
Эл хэргийн шүүх хурал нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн оны есдүгээр сард анхан шатны журмаар болоход барилгын компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл нэхэмжлэгч тал давж заалдсанаар удаах шүүх хурал нь өнгөрсөн оны сүүлчээр болж, ийнхүү шийдсэн байна. Үүнд хариуцагчаар оролцсон, Усны газрын дарга З.Батбаяр “Усны тухай хуульд тусгасанчлан ус ашиглалт гэж юуг үзэх тухай шүүхийн жишиг тогтлоо. Хөрсний ус хэмээх үнэт эрдэнийг хайрлан хамгаалах нь чухал. Шавхан зайлуулсан тохиолдолд ашиглалтын төлбөр зайлшгүй төлөх, төлбөрөө нэгэнт барагдуулсан бол усаа дахин ашиглах, хэрэгцээтэй газар нь нийлүүлэх боломжтой” гэв.
Н.Мишээл