Малчин өрхийн хүүхдүүдийн хувьд сургуулийн дотуур байр хамгийн чухалд тооцогддог. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 512 дотуур байранд 36 029 хүүхэд амьдарсан байна. Тэдний 78 хувь буюу 28 122 нь малчин өрхийн хүүхэд байжээ. Дотуур байранд 673 багш, 3475 албан хаагч ажилласан гэнэ. Аймгуудын сургуулийн 27.2, нийслэлд 5.9 хувь нь дотуур байртай аж. Харин сум, багийн сургуулиуд бүгд дотуур байртай байна.
Их, дээд сургуульд элсэн суралцагчдын хувьд дотуур байр мөн шийдвэрлэх ёстой чухал асуудал нь. Өнгөрсөн онд их, дээд сургуулийн 84 дотуур байранд 6701 оюутан амьдарчээ. Уг нь эдгээр байранд 17 399 оюутан амьдрах багтаамжтай аж. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 45 дотуур байранд 4030 суралцагч байрлажээ. Дотуур байранд аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлээгүй, хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл холбогдох байгууллагуудаас хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж буйг дуулгасан юм. Тухайлбал, дотуур байрны багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орчин нөхцөлийг сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа гэнэ. Ингэснээр их, дээд сургуулийн дотуур байранд амьдрах оюутны тоо нэмэгдэнэ гэх мэдээллийг Боловсролын ерөнхий газраас өгөв. Дотуур байрны багш, ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд танхим, цахим хосолсон сургалт зохион байгуулж буй аж.
Ташрамд дуулгахад, энэ хичээлийн жилд есөн дотуур байрыг ашиглалтад оруулах юм байна. Тэдгээрээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын II сургуулийн 100 ортой дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Мөн 29 дотуур байранд 17 нэр, төрлийн 89 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн гэнэ.