БНСУ руу зорчигчид ирэх сарын 1-нээс эхлэн тус орны хилээр нэвтрэхдээ Q код бүхий асуулга бөглөх зохицуулалттай болж байгааг МИАТ ТӨХК-иас мэдээллээ. Өдгөө зорчигчид хилээр нэвтрэхдээ хорио цээрийн мэдээллийн шар хуудсыг гараараа бөглөж буй бол 10-аад хоногийн дараачаас ингэх шаардлагагүй болох нь. Хорио цээрийн мэдээллийн урьдчилсан нэвтрэлтийн “Q-Code” систем нь БНСУ-ын хилээр зорчигч нэвтрэхэд хийдэг хяналт шалгалтын хугацааг богиносгох, тэдний тав тухыг хангах зорилгоор тус орны Хорио цээрийн албанаас нэвтрүүлж буй платформюм байна. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, журмын талаар үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгөх, туслах ач холбогдолтой гэнэ. Зорчигчид Өмнөд Солонгосын хилээр нэвтрэхээс гурав хоногийн өмнөөс энэхүү цахим хуудсыг бөглөж эхлэх боломжтой бөгөөд онгоцонд суухдаа бүрэн дуусгаж, Q кодоо уншуулахад бэлэн болгох ёстой аж.
Ж.ГАН