Х.Нямбаатарын ажлын цар хүрээ нь хотын даргын бүрэн эрхээс халиад, Эрчим хүчний сайдын энд хүрээд байна. Эрчим хүчний сайдын үүргийг гурван жил гүйцэтгэж буй Б.Чойжилсүрэн хариуцсан ажлаа хийж чадахгүй, олны шүүмжлэлд өртөөд байгаа учраас түүний оронд нийслэлийн Засаг даргаар салбарынх бодлогыг тодорхойлуулахаар Ерөнхий сайд шийдэв бололтой.
Уг нь холбогдох хууль тогтоомжуудад зааснаар эрчим хүчний салбарын бодлогыг Засгийн газар, Эрчим хүчний яам, сайд нь тодорхойлох учиртай. Харин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүрэг нь хотын даргад ногдоно. Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд Эрчим хүчний сайдын чиг үүргийг эрчим хүчний нэгдсэн бодлого боловсруулах, эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийг хариуцах, шинэ эх үүсвэр бий болгох, ашиглах зэргээр тодорхойлсон байдаг. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оны эхний шийдвэрээрээ Улаанбаатар хотын оргил ачааллын үед ажиллах хийн болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, “ДЦС-2”-ыг өргөтгөх, шинээр “ДЦС-5” барих талаар судалж, танилцуулах үүргийг хотын дарга Х.Нямбаатарт өгөв. Мөн хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх, гэр хорооллын айлуудын дулааны алдагдлыг бууруулж, эрчим хүч хэмнэх төсөл хэрэгжүүлэхийг ч нийслэлийн Засаг даргад даалгалаа.
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд “1984 оноос хойш Улаанбаатар хотод эрчим хүчний нэг ч эх үүсвэр бариагүй. Хамгийн сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан. Энэ жил өргөтгөсөн ч манай хот эрчим хүчний хувьд өвлийг хэрхэн давах вэ гэсэн түгшүүртэй байна. Иймд нэн тэргүүнд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” хэмээн сүржнээр мэдэгдээд, олон жил ярьсан ч хэрэгжүүлээгүй V цахилгаан станцыг барина гэж олны нүдийг оройд нь гаргасан удаатай. Түүний “зөгнөл”-ийг Ерөнхий сайд ийнхүү дэмжив.
Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлд нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлохдоо эрчим хүчний салбарыг хариуцахтай холбоотой заалт оруулаагүй. Хотын дарга нь нийслэлийн ИТХ-аас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстойг л дээрх хуульд тусгасан байдаг. Мөн тэрбээр нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан нийслэлийн ИТХ-д танилцуулж, шийдвэрлүүлэх эрх, үүрэгтэй. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын чиг үүрэг энэ мэтээр алдагдаж, чиглэлийн яамны ажлыг засаг захиргааны байгууллагад хариуцуулж буй нь хууль зөрчсөн үйлдэл бус уу. Эсвэл Эрчим хүчний яамаа татан буулгаж, сайдыг нь чөлөөлбөл яасан юм бэ.
М.Оч