Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын өнгөрсөн оны урьдчилсан дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 2024 онд 57.6 сая толгой мал бүртгэжээ. Үүний дотор адуу 4.7, үхэр 5.1, хонь 24.5, ямаа 22.9 сая, тэмээ 480.6 мянга байсныг судалгааны тайланд дурдсан байна. Дээрх дүн нь өмнөх оныхоосоо 10.9 хувиар буюу долоон саяар буурсан үзүүлэлт аж.
Мөн улсын хэмжээнд өнгөрсөн онд 9.3 сая мал зүй бусаар хорогджээ. Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт малын хорогдол хамгийн өндөр гарсан байна. Түүнчлэн хонь хамгийн олноор буюу өнгөрсөн оныхоосоо 16.7 хувиар хорогджээ. Дархан-Уул, Баянхонгор, Завхан, Увс, Дорнод, Дорноговь, Хэнтий зэрэг өвөлжилт хүндэрсэн аймагт малын тоо 2023 оныхоос 9.5 мянгаас 1.9 саяар буурсан гэнэ.
2024 онд улсын хэмжээнд 16.1 сая төл бойжуулж. Төллөсөн хээлтэгч малын тоо өмнөх оныхоосоо 3.9, бойжсон төл 2.3 саяар цөөрсөн аж. Үүнийг өмнөх оныхтой нь харьцуулахад төллөсөн хээлтэгч мал 17, бойжуулсан төл 12.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Түүнчлэн улсын хэмжээнд нийт малын 14.3 хувьтай тэнцэх буюу 9.3 сая толгой бод мал зүй бусаар хорогдсон байна. Хонь тав, ямаа 2.9 саяар, үхэр 792.4, адуу 553.8, тэмээ 11.2 мянган толгойгоор тус тус хорогдов.
Хөвсгөлд 5.2 сая толгой мал бүртгэснээр улсын хэмжээнд хамгийн олон малтай аймаг болов. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр 507.9 мянган толгой мал тоолуулснаараа улсын хэмжээнд хамгийн олон малтай сум боллоо. Мөн Архангай үхэр, адуугаараа, Өмнөговь тэмээгээрээ, Өвөрхангай хониор, Баянхонгор ямааныхаа тоогоор улсад тэргүүлжээ.
Мал тооллогын дүнгийн тайланд малчин өрхийн мэдээллийг ч багтаасан юм. Тодруулбал, малчин өрхийн тоо 2024 онд 249.4 мянга болж, өмнөх жилийнхээсээ 1.5 мянгаар өссөн байна. Гэсэн ч мянгаас дээш тооны малтай өрхийн тоо 2.6 мянгаар буурчээ. Харин 50 хүртэлх малтай өрхийн тоо 7.4, 51-200 малтай нь 3.8 мянгаар өссөн аж.
А.Үүл