Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ахмадын холбоо хамтран Ахмадын үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Эл чуулганд 900 орчим ахмад настан оролцсон аж. “Энэ удаагийн үндэсний чуулганаар ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн олон талт оролцооны талаар түлхүү хэлэлцэнэ. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг баталсны 20 жилийн ой, Ахмад настны тухай хуулийг шинэчилэн найруулсан цаг хугацаатай давхцаж байгаагаараа энэ чуулган онцлог” хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм. Чуулганаар Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм. Мөн өндөр настнуудад чиглэсэн бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтыг албаныхан танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4, 2021 онд 9.7 хувийг эзэлж байжээ. Энэ тоо 2030 онд 11.9 хувьд хүрэх магадлалтай байна. Тиймээс тэдний хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмжид онцгойлон анхаарах шаардлагатай хэмээн хуралд оролцогчид үзэв.
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж буй. Уг хуульд ахмадуудын эрүүл мэнд, сэргээн засах, насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах талаар тусгасныг салбарын сайд нь танилцуулсан юм. Тэрбээр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжиж ажиллахаа онцоллоо. Үүний тулд 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага хоёр хувиас доошгүй орон тоонд ахмад настныг хөдөлмөрийн хортойгоос бусад нөхцөлд ажиллуулахаар зохицуулах аж. Мөн ахмад настныг шинэ ур чадварт сургах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах тухай Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан гэнэ.
А.Үүл