Амаржих эхчүүдийн заавал бэлтгэх зүйлсийн жагсаалт гэж бий. Жагсаалт ч гэж дээ, манай улс л ядуугийн зовлон ихтэй болохоор амаржих эхчүүдээр төрөх эмнэлгийн ахуйн хэрэгцээний зүйлсийг бэлдүүлдэг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэгэхэд эрүүл мэндийн даатгалын систем нь үйлчилдэг улс оронд эхчүүд төрөх үедээ ариун цэврийн хэрэглэл, амны нойтон, хуурай цаас бэлддэггүй. Нэг удаагийн иймэрхүү хэрэглэл, дэвсгэр даавуу, живх, хоол унд бодох нь бүү хэл, юунд ч санаа зовохгүйгээр амарждаг. Харин манай төрөх эмнэлгүүд үүднээсээ эхлээд л “Нарантуул” зах шиг дүр зурагтай. Хэзээ мөдгүй төрөх гээд өвдөж ядаж байгаа эхчүүдийг эмч, асрагч нар нь “Хөөе, иргэний бүртгэлийн лавлагаа авчирсан уу, аваагүй бол ТҮЦ машинаас гаргуулаадах”. “Энэ уутанд чинь ариун цэврийн цаас дутуу байна шүү дээ. Хурдан авчруул” гэх мэтээр чирэгдүүлэх нь энүүхэнд.
Тэгвэл энэ оноос төрөх эмнэлгүүд эхчүүдээс ахуйн зүйлс авчир гэж шаардахааргүй болжээ. Учир нь нэгдүгээр сарын 1-нээс амаржих газрууд ээжүүдэд төрөх үеийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай том хүний болон хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай, нойтон цаас зэрэг долоон нэр, төрлийн ахуйн зүйл өгч эхэлжээ. Төрөх эмнэлгүүдийн эхчүүдэд зориулсан энэхүү нэг удаагийн багцын төлбөр нь 70 мянган төгрөг бөгөөд төсвөөс санхүүжүүлж байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Амаржихаар ирсэн ээжүүд живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай, нойтон болон ариун цэврийн цаас гэх мэт хэрэгслийг гаднаас бэлтгэдэг. Үүнийг болиулж, тухайн төрөх эмнэлгээс олгодог боллоо. Ингэснээр төрөлтийн дараах эх, нярайн эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд ч дэмжлэг болно” гэж оны өмнөхөн мэдэгдсэн юм.
Харамсалтай нь, уг мэдэгдэл, шийдвэр бодит байдалд хэрэгжихдээ олон хүний урмыг хугалав. Нэг удаагийн багцад байх ариун цэврийн хэрэглэл, живх, амны цаас гэх зүйлс нь чанарын шаардлага хангахгүйн дээр хамгийн хямд өртөгтэйг сонгосныг иргэд нийгмийн сүлжээнд шүүмжлэх боллоо. Долоон төрлийн ахуйн хэрэглэл нь нийлээд тал үнэдээ ч хүрэхээргүй байгааг иргэд тооцож үзжээ. Хамгийн ичмээр нь, олон улсын нэртэй компаниудын албан ёсны борлуулагч нарын нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, нийслэлийн төрөх эмнэлгүүдэд үнэгүй тараадаг зарим бүтээгдэхүүн (ариун цэврийн хэрэглэл, живх)-ийг хүртэл дээрх багцад оруулсан байх аж. Энэ нь ч хэл ам дагуулж эхлэв. Уг нь зөв зүйтэй гэж иргэд талархаж байсан шийвэрийг “хөрсөнд буулгахдаа” ийнхүү бантан болгон хувиргажээ. Ямар сайндаа л салбарынхан нь хүртэл төрөх эмнэлгийнхнийг “Хожоотой наймаа хийдэг болж” гэж шоглох вэ дээ.
О.Оргилох