Гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Монгол авьяас” академийнхантай хамтран хүүхдийн шигшээ баг бүрдүүлэн, ирэх тавдугаар сарын 1-нд эхлэх AAU лигт оролцохоор төлөвлөжээ. “Монгол авьяас” болон “Старс” академийнхны хамтран хэрэгжүүлэх эл төслийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 14-ний 09.00-17.00 цагт “Старс” академийн цахим хуудсаар дамжуулан зохион байгуулах юм байна.
Тодруулбал, 09.00-11.00 цагт 18-19 хүртэлх насны ангилалд оролцох тоглогчдыг бүртгэнэ. Харин 17 нас хүртэлх ангилалд өрсөлдөх сурагчдыг 11.00-13.00, 16-тай хүүхдүүдийг 13.00-15.00, 15 насныхныг 15.00-17.00 цагт бүртгэхээр төлөвлөжээ.
Энэ талаар Гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Монгол Улсаас өсвөр үеийн сагсан бөмбөгчдийг АНУ-ын зуны лиг буюу AAU-д тоглуулж, тус улсад дасгалжуулна. AAU нь ерөнхий боловсролын сургуулийн сайн тоглодог хүүхдүүдийг нэгтгэн баг болгож, хавар, зун лигт оролцуулдаг. Өмнө нь манай улсаас уг лигт тоглохоор цөөн тамирчин очдог байлаа. Тамирчид ганц, хоёроороо очоод баг болоход маш хүндрэлтэй. Тиймээс эл асуудлыг хэрхэн шийдэх талаар олон ч жил бодсон юм. Харин “Монгол авьяас” академийнхан хүүхдүүдийг нэгээр нь бус, багаар нь бэлтгэхийг санал болгосон” гэлээ.
“Монгол авьяас” академийн төлөөлөгч Б.Хүдэрбаяр “Бид ур чадвараа хөгжүүлэх, сагсан бөмбөг хамгийн өндөр хөгжсөн оронд тамирчнаа бэлтгэх, туршлага судлах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байна. AAU-д олон төрлийн спорт бий. Эдгээрээс хамгийн алдартай нь сагсан бөмбөг, волейбол, усанд сэлэлт зэрэг спорт байдаг юм. Ер нь улс бүрийн хамгийн шилдэг тоглогчид тэнд заавал очиж тоглодог. Ингэхдээ олон мужаар дамжин тоглодгоороо онцлогтой” гэв.
У.Сүрэн