ДЭМБ одоогоос яг таван жилийн өмнө мал, амьтнаас хүнд халдварласан долоо дахь вирусээр “Ковид”-ыг нэрлэж байв. Тодруулбал, коронавирусний бас нэгэн хэв шинжийн өвчин үүсгэгч “Ковид-19” нь 2020-2022 онд дэлхийн хэмжээнд тахал болтлоо дэгдэж, олон мянган хүний амийг авч одсон билээ. Эдүгээ ч уг өвчин хүн төрөлхтний дунд “эргэлдсээр”, хор уршиг, гай нь арилаагүй л байна. Коронавирусний халдвар анх БНХАУ-д бүртгэгдсэн. Тэгвэл өмнөд хөршид “Ковид-19”-өөс хойш бас нэгэн халдварт өвчин тархсан талаар олон улсад мэдээлж эхлэв. Human metapneumovirus (HMPV) гэх шинэ төрлийн вирус нь амьсгалын замаар халддаг бөгөөд одоогоор Хятадын хойд мужуудад өвчин тархаад байгаа гэнэ. Уг вирусээр гол төлөв 14-өөс доош насныхан өвчилж байгааг тогтоож.
HMPV нь Хятадад өнгөрсөн сарын дунд үеэс тархаж, өвчлөл нэмэгдсээр байгааг орон нутгийн хэвлэлүүд анхааруулсаар байгаа аж. Хүний метапневмовирус хэмээх амьсгалын замын халдвар нь өмнөд хөршийн эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг нэмэгдүүлж, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсгээд буй юм байна. Тус вирусээр үүсгэгдэж буй өвчин нь ханиад, томуутай төстэй шинж тэмдгээр эхэлж, уушгины хатгалгаа үүсгэж буй бөгөөд багачууд, өндөр настан, дархлаа султай хүмүүсийн биеийн байдлыг хүндрүүлэх болжээ.
ДЭМБ-аас уг өвчнийг дэлхий нийтийн эрүүл мэндэд аюул учруулахуйц хэмжээний ноцтой гэж зарлаагүй байна. Уг өвчин нь 2001 онд анх бүртгэгдсэн, гэвч одоо болтол түүний эсрэг вакцин, эм, тусгай эмчилгээ гарган аваагүй тул шинэ төрлийн вирус гэсэн ангилалд багтаасаар буй гэнэ.
Ташрамд дурдахад, энэ сарын сүүлчээр БНХАУ-д Цагаан сарын баяр тохиож буйтай холбоотоогоор улс нийтээр 10 гаруй хоног амарч, олон зуун сая хүн хот хооронд зорчдог тул эл хугацаанд иргэдийг өмнөд хөрш рүү зорчихгүй байхыг эрдэмтэн, судлаачид сэрэмжлүүлэв. Харин манай улсын ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, анхааруулга гаргасангүй.
О.Оргилох