АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Батлхамтай ярилцлаа. Тэрбээр “Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үед илрэх биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн заслын үр дүн” сэдвээр өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
-Юуны түрүүнд анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Энэхүү судалгааны ажлаа хэзээнээс эхлүүлсэн бэ. Мөн бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг яагаад ийнхүү гүнзгийрүүлэн судлах болов?
-Баярлалаа. Би 2014 онд докторантурт суралцаж эхэлсэн. Түүнээс хойш гадаадын хоёр ч их сургуульд судлаач оюутнаар суралцсан байна. Судалгааныхаа сэдвийг гурван жилийн өмнө сонгож байлаа. ДЭМБ-аас мэдээлснээр нуруу нь өвдсөнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. 2020 оны судалгаагаар дэлхийн хэмжээнд хагас тэрбум хүн нурууны өвдөлтөөс үүдэн эрүүл мэндийн байгууллагад хандсаныг гадаадын судлаачид онцолсон. Энэ тоо 2050 он гэхэд 34.6 хувиар нэмэгдэх хандлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ингэхдээ Ази, Африк тивд эрчимтэй өсөх хандлагатайг сүүлийн үеийн статистик мэдээллүүд харуулж байна. Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудад ч нурууны өвдөлтийн улмаас иргэд эрүүл мэндийн байгууллагыг зорих нь элбэг. Харин буурай хөгжилтэй орнуудад нурууны өвдөлтийн улмаас хэдэн хүн эрүүл мэндийн байгууллагад хандсан, тэдэнд тусламж, үйлчилгээ хэр хүртээмжтэй хүргэсэн талаарх мэдээлэл хомс. Иймд бага, дунд орлоготой орнууд сэргээн засахын чиглэлээр нурууны өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө гаргахыг ДЭМБ-аас уриалж байгаа. Тиймээс л Монголд Улсад нурууны өвдөлт ямар түвшинд байгааг сонирхон судлах болсон л доо.
Судалгааны ажлын удирдагчаар анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Мөнх-Эрдэнэ багш нар ажилласан. Эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр анагаах ухааны доктор, профессор А.Балжинням багш оролцлоо. Мөн судалгааны ажлыг минь хөгжүүлэхэд АШУҮИС-ийн төв эмнэлэг, ШУТИС-ийн Биомеханикийн лабораторийн хамт олны хувь нэмэр ч их байлаа.
-Бүсэлхий нурууны өвөрмөц бус өвдөлт болон биомеханикийн өөрчлөлт хоорондын холбоог тайлбарлаж өгнө үү.
-Нурууны өвдөлтийг ерөнхийд нь өвөрмөц болон өвөрмөц бус гэж хоёр ангилдаг. Нурууны өвдөлтийн 10-15 хувь нь өвөрмөц гэсэн ангилалд багтана. Харин 85-90 хувийг өвөрмөц бус өвдөлт эзэлж байна. Өвөрмөц гэдэгт нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй булчингийн чангарал, хөдөлгөөний алдагдал зэргийг багтаан ойлгож болно. Өвөрмөц бус өвдөлтийн үед нуруу чилэх шинж тэмдэг илрэх хэрнээ багажийн шинжилгээгээр шалгахад ямар нэгэн өөрчлөлт харагддаггүй. Гэсэн ч тухайн хүнд байнгын зовуурь илрэх нь бий. Энэ тохиолдолд хөдөлгөөний ямар хэлбэрийн алдагдалтайг, аль хэсэгт булчин чангарсан зэргийг эмнэл зүйн үзлэгээр тогтоох боломжтой. Үүнийг л өвөрмөц бус өвдөлт гэж нэрлээд байгаа юм. Ийм өвдөлтийн үед хоёр төрлийн хөдөлгөөний бэрхшээл үүсдэг. Тодруулбал, хөдөлгөөний алдагдал, хөдөлгөөний хяналт алдагдах гэсэн хоёр эмгэг үүсдэг. Харин өвөрмөц өвдөлтийн үед багажийн шинжилгээгээр нурууны диск цүлхийчихсэн, суудлын мэдрэл дарагдчихсан зэргээр нуруунд өөрчлөлт илт ажиглагддаг.
Биомеханик гэдэг нь хөдөлгөөний далайц, үенд ирэх даралт, хурд, хурдатгал, хөдөлгөөний давтамж зэргийг багтаасан өргөн хүрээний ойлголт. Иймд бид судалгаандаа өвөрмөц бус архаг өвдөлтийн үед хөдөлгөөний далайц, хурд болон алдагдал, багана нуруунд ирж байгаа хөдөлгөөний хэлбэлзэл буюу давтамж хэрхэн өөрчлөгдөж буйг ажигласан.
-Судалгааныхаа хүрээнд ямар таамаг дэвшүүлж байв. Үр дүнд нь үүнийгээ баталж чадсан болов уу?
-Нурууны өвдөлтийн үед багана нурууны биомеханик өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, багана нурууны хөдөлгөөний алдагдал нь хүн бүрд харилцан адилгүй байна гэж таамагласан. Иймд тус бүрд нь тохирсон хөдөлгөөн заслын эмчилгээ хийхэд чадвар алдалт, өвдөлт буурна гэж таамаглаж байсан юм. Таамаглалаа нотлохын тулд гурван зорилт дэвшүүлсэн л дээ. Нэгдүгээрт, нурууны өвдөлттэй хүмүүсийн биомеханик нь яаж өөрчлөгдөж байгааг тодорхойлох зорилготойгоор хяналтын бүлэгтэйгээр судалсан. Түүврийг сонгохдоо олон улсад өргөн хэрэглэдэг “Gpower” гэх программыг ашигласан. Хоёрдугаар зорилтын хүрээнд өвөрмөц бус өвдөлтийн үед багана нурууны хөдөлгөөний алдагдалтай хүн бүрд тохирсон хөдөлгөөн заслын эмчилгээг боловсруулаад 12 долоо хоног буюу гурван сарын хугацаанд хэрэгжүүлж, үр дүнг нь тодорхойлсон. Гуравдугаар зорилтын хүрээнд ихрүүдийн судалгааны сонгодог загварыг ашигласан юм. Нэг болон хоёр өндгөн эсийн ихрүүдийг хамруулж багана нурууны хөдөлгөөний ижил төстэй байдлыг судалсан.
-Нурууны өвдөлтийн улмаас эмнэлэгт хандах хүмүүсийн тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа талаар дурдлаа шүү дээ. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг нарийвчлан судалснаараа эмнэлэгт хандах хүний тоог бууруулах боломж бий юү?
-Биомеханикийн өөрчлөлт болон нурууны өвдөлтийг олон улсад ч сүүлийн үед нэлээд эрчимтэй судалж байна. Нурууны өвөрмөц бус өвдөлт болон биомеханикийн өөрчлөлтийн талаарх судалгааны ажил Монголд хомс. Түүнчлэн биомеханикийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлсон судалгаа огт байсангүй. Бид судалгаагаараа хөдөлгөөний далайц, үйл ажиллагааны сорилуудыг хамтад нь нэгтгэж гаргаж ирснээрээ давуу талтай. Багана нурууны хөдөлгөөний далайц гэдэгт үндсэн хөдөлгөөн болох нугалах, тэнийлгэх, эргүүлэхэд ямар өөрчлөлт гарч буйг тодруулсан. Хоёрдугаарт, багана нурууны хөдөлгөөний анализ хийдэг системийг ашигласан нь судалгааны үр дүнг улам нарийвчлалтай гаргах үндэс боллоо. Мөн тухайн хүний амьдралын хэв маягаас хамааралтайгаар бүсэлхий нуруунд ямар өөрчлөлт орж буйг тодруулахын тулд нэг хөл дээр зогсох, хагас суух, алхах, саад давж алхах, ачаа өргөх гэх мэт үйл ажиллагааны сорилыг ашигласан.
-Энэхүү судалгааны үр дүн хэрхэн гарсан бол?
-Судалгааны үр дүн маш сонирхолтой гарлаа. Нэгдүгээр зорилтын хүрээнд багана нурууны биомеханик яаж өөрчлөгдөж байгааг шалгасан. Ингэхэд хөдөлгөөний далайцын сорилын үед нуруу нь өвдөж буй хүнийх өвдөөгүй нэгнийхээс буурсан байв. Харин хөдөлгөөн хийх буюу алхах, ачаа өргөх, сууж, босоход багана нурууны далайц эрүүл хүмүүсийнхээс илүү их байлаа. Энэ нь нурууны өвдөлтийн үед багана нурууны тогтворгүй байдал үүсдэгийг харуулж буй юм. Багана нурууны тогтвортой байдлыг сайжруулахгүй бол өвдөлт улам даамжрах эрсдэлтэй.
-Нурууны өвчний үед сэргээн засах эмчилгээ хэр үр дүнтэй болохыг судалсан гэсэн шүү дээ. Гурван сарын хугацаанд ажиллахад өвчтөнүүдэд ямар ахиц гарав?
-Өвөрмөц бус архаг өвдөлтийн биомеханикийг өмнө хэлсэнчлэн тодорхойлсон. Үүний дараа тухайн хүнд багана нурууны ямар хэлбэрийн хөдөлгөөний алдагдал үүсээд байгааг тогтоосон юм. Нугалах, тэнийлгэх, эргэх хэлбэрийн хөдөлгөөний алдагдал өөр хоорондоо харилцан адилгүй байлаа. Түүнчлэн нийлмэл хэлбэрийн буюу өмнө дурдсан хөдөлгөөний алдагдлууд хавсарсан тохиолдол ч бий. Хөдөлгөөн заслын үр дүнг тодорхойлохын тулд бид хувь хүн бүрд тохирсон эмчилгээний аргыг боловсруулсан. Уг эмчилгээндээ нийт 45 оролцогч хамруулж судаллаа. Судалгаанд оролцогчид гурван сарын хугацаанд хөдөлгөөн засалчийн хяналтад тусгайлан боловсруулсан дасгалыг хийсэн. Үр дүнг тодорхойлоход нурууны өвөрмөц бус өвдөлттэй хүмүүсийн зовуурь буурсан байв. Мөн хөдөлгөөний чадвар алдалт, багана нурууны хөдөлгөөний алдагдал ч буурсан байлаа. Үүнээс гадна эмчилгээний дараа биомеханикийн үзүүлэлтүүд сайжирсан.
-Хүн бүрд тохирсон эмчилгээний арга боловсруулахдаа юуг голлон анхаарсан бэ?
-“Нурууны эмчилгээ бүх хүнд адилхан байдаг” гэх буруу ойлголт нийтийн дунд байдаг юм. Хөдөлгөөн заслын үүднээс аваад үзвэл хувь хүн бүрийн нурууны өвдөлт харилцан адилгүй. Тиймээс бид хувь хүн бүрийн онцлогийг илрүүлэхийн тулд эхлээд ямар хэлбэрийн хөдөлгөөний алдагдал үүссэнийг тодорхойлдог. Ингэснээр тухайн хүнд тохирсон дасгал хөдөлгөөний төлөвлөгөө гаргадаг. Багана нурууны хөдөлгөөний алдагдлыг тодорхойлохын тулд олон улсад өргөнөөр хэрэглэдэг тестийг ашиглалаа. Мөн хөдөлгөөний алдагдлыг эмчлэхэд үр дүнтэй гэж үзсэн судалгааны аргуудыг ашиглаж, эмчилгээний төлөвлөгөө гаргасан. Судалгааны ажил дууссан ч оролцогчид тэрхүү дасгалаа нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үргэлжлүүлэн хийх боломжтой. Өдөр тутамдаа өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийгээд байвал бүсэлхий нурууны өвдөлтөөс сэргийлэх ач холбогдолтой. Иймд нуруу нь өвддөг хүмүүст зөвлөхөд нэг удаа ч болтугай хөдөлгөөн засалчид хандах хэрэгтэй. Ингэснээр танд ямар хэлбэрийн хөдөлгөөний алдагдал үүссэнийг тогтоож, өөрт тохирсон дасгалын зөвлөмжийг авч, цаашдаа нуруугаа хамгаалах, өвчлөл хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой.
-Хүзүү, нуруу чилж өвдөх үед хүмүүс эрүүл мэндийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй шүү дээ. Уг нь ийм тохиолдолд ч хөдөлгөөн засалчид хандах хэрэгтэй гэдэг байх аа?
-Хүзүү, нурууны өвдөлтийг өмнө хэлсэнчлэн өвөрмөц болон өвөрмөц бус гэж ангилдаг. Хөдөлгөөний алдагдал нь хүндэрснээс таны хэлсэнчлэн хүзүү, нуруу өвдөх буюу хүнд хэлбэр лүү шилжиж буй юм. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөн засалчид хандаж, ямар хэлбэрийн хөдөлгөөний алдагдал үүссэнийг тодорхойлуулж мэргэжилтнээс зөвлөгөө авах нь чухал.
Хүзүү, нурууны өвдөлтийн үед бариа засал хийлгэх нь түгээмэл байдаг шүү дээ. Бариа засал нь идэвхгүй эмчилгээний арга. Бариа засал хийлгэсэн үед цусан хангамж сайжирч, биед таатай санагдах боловч урт хугацаандаа үр дүнтэй арга биш. Өвдөхөөс сэргийлье л гэж бодож байгаа бол юуны түрүүнд хөдөлгөөний алдагдлаа тодорхойлуулах хэрэгтэй. Мэргэжлийн бус хүнд хандаж бариа засал хийлгүүлснээс гэмтэх нь элбэг. Мөн хүзүү, нурууны блок гаргах нь хөдөлгөөн засалчийн үндсэн тусламж, үйлчилгээ биш. Энэ нь маш нарийн техник шаарддаг, нарийвчилсан үзлэг, оношилгоонд тулгуурладаг. Тиймээс үзлэг, оношилгоо огт хийгээгүй байж хүзүү, нуруугаа эмчлүүлэхээр оролдох нь байж боломжгүй үйлдэл. Тиймээс та заавал эмнэлэгт хандах хэрэгтэй. Бариа заслийн төвүүдэд үзлэг, оношилгоо хийхгүйгээр эмчилгээ хийж, гэмтлийг улам даамжруулдаг.
-Ачаа өргөх, алхах зэрэг хөдөлгөөний үед багана нуруунд өөрчлөлт ордог талаар дурдсан байсан. Оролцогчдыг амьдралын хэв маягаар нь ялгаж үзэв үү. Өөрөөр хэлбэл, өдөр тутамдаа хүнд ачаа өргөдөг, хөдөлгөөнтэй байдаг болон тогтмол сууж ажилладаг хүмүүст ялгаа бий, эсэхийг тодруулсан болов уу?
-Нурууны өвдөлтийн эрсдэлт хүчин зүйлд тухайн хүний амьдралын хэв маяг ч хамаардаг. Нэг хөдөлгөөнийг давтан хийдэг буюу хүнд ачаа зөөдөг хүмүүсийн нуруу гэмтэх нь түгээмэл. Ачааг буруу өргөснөөс нуруу бага багаар гэмтдэг. Энэ нь даамжирсаар хүнд гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс үе хамгаалах техник буюу ачааг хэрхэн зөв өргөх, олон цагаар сууж ажилладаг хүмүүсийн хувьд багана нурууны ачааллыг зохицуулахад анхаарал хандуулах хэрэгтэй. Бидний судалгааны хавсралт хэсэгт үүнтэй холбоотой олон нийтэд зориулсан зөвлөмж бий.
-Хөдөлгөөн засалч нар дэлхий нийтэд ч эрэлттэй мэргэжлийн тоонд багтаж байгаа шүү дээ. Иймд Монгол улсын хувьд ч сүүлийн жилүүдэд хүний нөөцийг нь нэмэгдүүлэхийн тулд суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр олон арга хэмжээ авсан. Эдгээр нь хэр үр дүнтэй байгаа бол?
-Улсын хэмжээнд одоогоор 300 орчим хөдөлгөөн засалч эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гурван жилийн өмнөөс хөдөлгөөн засалчаар суралцах оюутнуудыг их, дээд сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүний дүнд хөдөлгөөн засалчийн ангийн элсэлт ч нэмэгдсэн. Тиймээс бид тоо гэхээс илүүтэй чанарт анхаарч буй. Хэдхэн жилийн дараа хөдөлгөөн засалч нарын тоо улам нэмэгдэх байх. Мөн манай сургуулийн төгсөгч нар үргэлжлүүлээд хүүхдийн, дотрын, мэдрэлийн, амьсгал, зүрх, судасны хөдөлгөөн засалчаар мэргэшин суралцаж, чадвараа байнга ахиулсаар байгаа.
А.Тэмүүлэн