Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомтын хил, гаалийн албан тушаалтнуудын холбогдсон хээл хахуулийн хэргүүдэд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан хэргүүдийн нэгт Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Х.Нурлан, А.Оргил нар холбогдсон юм. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн аж ахуйн нэгжийн тээвэрлэсэн нүүрсийг гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлснийхээ хариуд багагүй хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-2-ын нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-1 дэх хэсгийн хахууль өгсөн гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тэднээс гадна Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн анги, Улаанбаатар хотын болон Гашуунсухайт дахь Гаалийн газрын ажилтнууд “Ковид-19” цар тахлын үед нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг компаниудын тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийх, дараалал харгалзахгүйгээр явуулах зэргээр давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан хэрэгт мөн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Уг нь “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан нэг бус хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан ч элдэв шалтгаанаар шийдвэрлэлгүй буцааж байсан удаатай. Дээр дурдсан хэргүүдийг хэрхэхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.