Азийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн Зүүн Азийн супер лигт 2025-2026 оны улирлаас манай улсын Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулахаар болсон билээ. Үүнтэй холбоотой тус лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс, үйл ажиллагааны менежер Стив Хан болон маркетингийн менежер Алекс Ох нар манай улсад хүрэлцэн ирж, Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн зохион байгуулагчидтай уулзсан байна.
Уулзалтаар лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл солилцжээ. Үүний дараа “UG arena”-гийн үйл ажиллагаа, Үндэсний дээд лигийн зохион байгуулалттай танилцсанаар Зүүн Азийн супер лигийн тэмцээнийг зохион байгуулах стандарт хангасан гэж үзсэн аж. Тус лиг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн, хамтын ажиллагаатай, бизнесийн зарчмаар тэмцээн зохион байгуулдгаараа онцлогтой.
Нэг баг улиралд зургаан тоглолт хийхээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглоно. Шагналын сан нь 2.5 сая ам.доллар бөгөөд хожил бүрээсээ урамшуулал авах аж. Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн багууд Азийн шилдгүүдтэй өрсөлдөхөөс гадна нэмэлт орлого олох боломжтой юм. Уг лигт БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Филиппиний лигийн аварга багууд өрсөлддөг.