Парисын зуны олимын наадам өндөрлөөд зургаан сар өнгөрчээ. Энэ хугацаанд медалийнх нь өнгө эрс өөрчлөгдсөн, чанаргүй материалаар хийснийг нь шүүмжлэх тамирчдын тоо өссөөр байна. Тус олимпын наадмын медалийг үнэт эдлэлийн “Chaumet” компани Эйфелийн цамхгийн хуучин төмрийг дахин ашиглах байдлаар бүтээсэн юм. Медалийг хийхдээ чанаргүй материал ашигласан учраас өнгө нь хувирч, амархан элэгдэхэд нөлөөлсөн гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.
Медалийн чанарын талаарх шүүмжлэл олимп дуусахаас ч өмнө гарч эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын скэйтбордын тамирчин Н.Хастон инстаграм хуудсандаа “Шинээрээ байхдаа маш гоё боловч 10 хоногийн дотор л чанаргүй хийгдсэн гэдэг нь илэрлээ” хэмээн бичээд медалийнхаа зургийг оруулж байлаа. Түүнээс хойш Британийн усанд үсрэлтийн тамирчин, олимпын наадмын хүрэл медальт Я.Харпер, Бразилын гимнастикч, алтан медальт Р.Андраде, Данийн бадминтонч, алтан медальт В.Акельсен, Францын усанд сэлэгч Й.Ндойе-Бруа, К.Сеши нар өнгөө алдсан, зарим хэсэг нь хэмхэрсэн, барзгар гадаргуутай болсон медалиудынхаа зургийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн юм.
Н.Энх