Жингийн туухайн нэг талд нэг хүн, нөгөө талд 2 хүн тавиад хэнийх нь эрх илүү вэ гэж асуух нь утгагүй зүйл. Хүн бүр ижил тэгш үнэ цэнтэй. Үүнтэй адил ахмадын эрх, хүүхдийн эрх, ЛГБТИК+ хүний эрх гэж тусдаа зүйл байхгүй бөгөөд өндөр настай, хүүхэд, ЛГБТИК+ гэдэг “тодотголоос” хамааралтайгаар хүний хувьд төрөхөөс заяагдсан, эдлэх ёстой эрх нь хангагдахгүй байгааг ойлгуулах нь “Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн гол зорилго билээ. Үүний тулд олон нийтэд уг өдрийн талаар баттай эх сурвалжийн, үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор “Youth LEAD Mongolia” ТББ-аас сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр хүний эрхийг хангаж, хамгаалахыг дэмжсэн хөдөлгөөнүүдийг сурталчлан сурвалжилж, олон нийтэд таниулах зорилготой movement.mn сайтыг танилцууллаа. Түүнчлэн наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 7-ны өдрийн хооронд ямар арга хэмжээнүүд зохион байгуулах талаар мэдээлэл өгөв.
“Youth LEAD Mongolia” ТББ-ын захирал Ц.Цэвээнравдан “Тэгш эрхийн төлөө алхалтын өдөр оролцож байгаа хүмүүсийн хувьд ялгаварлан гадуурхалтын талаар цогц хуультай болохыг, ялгаварлан гадуурхалтад өртсөн хүмүүс цагдаад хандахад хэрэг үүсгүүлэх гэхээр татгалздаг байдлыг халах, энэ төрлийн гэмт хэргийг ЛГБТИК+ хүмүүст ээлтэйгээр шийдвэрлэдэг байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх зэрэг өргөн хүрээний өөрчлөлтийг хүсэж ирдэг. Мөн “Алхалт-”ад 18-аас доош насны хүүхдүүдийг хамруулдаггүй.”
ЛГБТ Төв НҮТББ-ын дэд захирал М.Өүлэн “Күийр театр арга хэмжээ нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн гол арга хэмжээнүүдийн нэг. Олон нийтэд ЛГБТИК+ хүмүүсийг кино салбар, хэвлэл мэдээллээр хошин шогийн байдалтай, эмэгтэйлэг, хэтрүүлэгтэй, таагүй дүр зургаар харуулдаг. Тиймээс энэ ташаа зураглалыг өөрчлөхийн тулд өөрсдийнхөө түүхийг өөрсдөө гаргах хэрэгтэй юм байна гэж үзсэн. 2019 оноос зохиолын уралдаан зарлаад шалгарсан хүний 3 бүтээлийг тайзан дээр тоглодог болсон. Ингэхдээ гей, трансжендэр, лесбиян гэсэн гурван сэдвийг аль нэг талыг нь хэт дөвийлгөхгүйгээр сонгож, тоглодог болсон”
МҮОНТ-ийн Боловсрол хүүхэд танин мэдэхүйн албаны редактор Д.Ганзаяа “Монгол Улсад хүн бүр л хүний эрхээ эдлэх ёстой гэдгээ мэддэг. Гэхдээ ЛГБТИК+ хүмүүсийн хувьд эрхээ эдлэж чадахгүй маш их айдас, түгшүүр дунд амьдардаг тул энэ сэдвийг орхигдуулахгүй заавал ярих ёстой юм байна. Тэд нийгмийн үйлчилгээг эрх тэгш авах ёстой гэдгийг иргэдэд эерэг байдлаар харуулах нь чухал юм байна гэдгийг өнөөдрийн уулзалтаас ойлгож авлаа.”
Иргэний нийгмийн активист, чөлөөт сэтгүүлч С.Бэрцэцэг “Сэтгүүлчид бид үг хэллэг дээрээ их алддаг юм байна. Жишээ нь: Гей биш гомо гэж дууддаг гэх мэтчлэн санамсаргүйгээр ЛГБТИК+ хүмүүсийг эмзэглэхээр үг хэллэг хэрэглэчихдэг юм байна. Хамгийн чухал нь ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг бусадтай л адил эрх тэгш эдлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан, цааш мэдээ, сурвалжлага бэлтгэж байхдаа шингээж байх хэрэгтэйг дахин нэг санасан оновчтой уулзалт боллоо.”