Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж 2500, дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хоолны зардлыг 2000-аар нэмж, 6000-6300 төгрөг болгон баталлаа. Өөрөөр хэлбэл, 2021 оноос хойш буюу дөрвөн жилийн дараа бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг шинэчлэн баталсан юм. Энэ тухайд Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмэх зайлшгүй шаардлага үүссэн. 2021 онд үдийн хоолны мөнгө 1500 төгрөг байхад хүүхэд илчлэг, шим тэжээлийнхээ 50 хувийг авч байсан. Одоо 2500 төгрөг болсноор шим тэжээлийг 80 орчим хувьд хүргэнэ. Дотуур байрны хүүхдүүд 24 цагийн турш байрлаж амьдардаг. Тиймээс сургууль болон дотуур байрныхаа хоолноос шим тэжээлийг бүрэн авах ёстой. Цаашид ч хоолны мөнгийг нь нэмэх шаардлагатай” гэв.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343 289 сурагч хамрагдаж буй. Харин дотуур байранд 38 871 хүүхэд амьдарч байна. Боловсролын яамнаас Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хийсэн судалгаанаас монгол хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4, кальцийн хэмжээ 2.5 дахин бага байсан. Мөн хүүхдүүдийн 80 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэсэн дүн гарсан нь сурагчдын хоолны илчлэг, шим тэжээлийг нэмэгдүүлж, тэнцвэрт байдлыг хангах шаардлагатайг харуулсан юм. Өнгөрсөн онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмсэн билээ. Харин энэ оны улсын төсөвт бага ангийн сурагчид болон дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардалд 221 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
Ч.Болор