Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой аж. Мөн иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох гэнэ. Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав.
Шахмал түлшний чанарыг сайжруулахын тулд үндсэн түүхий эдийг өөрчлөх судалгаануудыг үндэсний хорооныхон хийсэн байна. Үүний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой”-н ордын тэг давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлшийг ирэх гуравдугаар сараас нийлүүлэхээр болсон гэнэ. Мөн түүхий нүүрс түлдэг уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж, хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаанд холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах гэнэ. Түүнчлэн ДЦС-уудын зуухны шүүлтүүрийг солих санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатайг сайд С.Одонтуяа онцлов. Мөн ирэх аравдугаар сарын 1-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ.