Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-нд улс орон даяар зохион байгуулсан билээ. Уг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр танилцууллаа. Нийт 28 мянга гаруй багшийг 11 үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нь тооцсон байна. Тодруулбал, суралцагчийн сурлагын ахиц, үр дүн, сургалт, сургалтын байгууллагын орчны аюулгүй байдал, багшийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, шударга, ашиг сонирхлоос ангид байдлыг эрхэмлэн бусдыг манлайлж ажилласан байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэжээ.
Эдгээрээс багш нар ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, шударга, ашиг сонирхлоос ангид байдлыг эрхэмлэн бусдыг манлайлж ажилласан байдлын үзүүлэлтээр хамгийн өндөр буюу93.5 хувьтай үнэлэгдсэн байна. Харин суралцагчийн сурлагын ахиц, үр дүн хамгийн тааруу буюу 62 хувьтай гарчээ. Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж өнгөрсөн онд 75 хувь байсан бол энэ онд 77 хувь болж өссөн аж. Үүнээс нийслэлийн сургуулийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ энэ онд 77 хувь болж, өнгөрсөн жилийнхээс нэг хувиар нэмэгдэв. Орон нутгийн сургуулийн багш нарын ажлыг энэ онд 76 хувиар үнэлсэн байна. Энэ нь мөн өнгөрсөн оныхоос нэг хувиар сайжирсан дүн юм. Ингэснээр үнэлгээнд хамрагдсан багш нарын 57 хувь нь урамшуулал авахаар болжээ. Ташрамд дуулгахад, 1-4 дүгээр түвшинд хамрагдсан багшид цалингийн 15-40 хувийн урамшуулал олгодог. Харин V, VI түвшинд үнэлэгдвэл ямар нэгэн урамшуулал олгодоггүй юм байна. Өнгөрсөн онд шалгалтад хамрагдсан нийт багшийн 51.7 хувь нь үр дүнгийн урамшуулал авчээ.