Томуу, томуу төст өвчний өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд өвчний тархалт дэгдэлтийн түвшинд хүрээд байгаа аж. Өчигдрийн байдлаар нийслэлд 1541 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 89 орчим хувь нь ханиад, томууны шалтгаантайг албаныхан хэлсэн. Зарим аймагт ханиад, томууны тархалт дэгдэлтийн түвшинд хүрчээ. Тухайлбал, Ховд аймагт цэцэрлэг, сургалт дамжаа, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг энэ сарын 17 хүртэл зогсоогоод байна.
Өнгөрсөн долоо хоногт дөрвөн аймаг, нийслэлийн тандалт, судалгааны нэгжүүд шаардлагатай сорьцуудад шинжилгээ хийхэд таван төрлийн вирус зонхилон илэрчээ. Тодруулбал, нийт сорьцын 62.2 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч илэрсэн бөгөөд 30 хувь нь амьсгалын замын синцитиал, 26.3 хувь нь томууны H1N1, хоёр хувьд нь H вирус, нэг хувьд нь “Ковид-19” оношлогдсон гэнэ. Ханиад, томууны шалтгаанаар амбулаториор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтөний 20 орчим хувь нь нэг хүртэлх, 40.8 хувь нь 2-9 насныхан гэдгийг эмч нар хэлэв.
Ханиад, томууны дэгдэлт оргил үедээ хүрсэн, нэмээд хүн амын дунд өргөн тархсан дээрх вирусүүд нь өндөр халууруулж, уушгийг ноцтой гэмтээдэг, бусад эрхтэнд ч нөлөөлдөг хоруу чанартай тул өвчнөөс сайтар хамгаалахыг эмч нар зөвлөсөн. Ингэхдээ “Ковид-19”-ийн үед баримталдаг байсан дэглэмүүдээ өдгөө чанд мөрдөх хэрэгтэйг сануулав.
О.Ундрах