Боловсролын сайд анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг өөрчилж баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид бие даалт, цахим сургалт, амралт гэсэн бүтэцтэйгээр хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, бие даалт, цахим сургалтыг шинээр оруулж ирснээрээ онцлогтой. Гэхдээ зөвхөн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдыг долоо хоног цахимаар хичээллүүлэх юм. Хичээлийн жилийн18 дахь долоо хоног буюу арванхоёрдугаар сарын сүүлчээр цахим сургалтыг зохион байгуулах ажээ. Үүний дараа нэгдүгээр улирлын амралттай золгохоор байна. Цахим сургалтыг хичээлийн хөтөлбөрт оруулсан нь Боловсролын ерөнхий хууль болон бусад дүрэм, журмыг хэрэгжүүлж буй үйл явц гэдгийг албаныхан онцолсон. Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийг хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна гэж Боловсролын ерөнхий хуульд заажээ. Үүний дотор танхимын бус сургалтад зайны хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарах юм. Танхимын бус энэхүү сургалтад багш, сурагчийг бэлдэх, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр сургуулиудыг хангахад харьяа яамнаас хэрхэн анхаарч байна вэ.
Дэлхий нийтээр цааснаас цахим руу шилжиж буй эрин үед бүхий л шатны боловсролын үйлчилгээнд орчин үеийн дэвшилт технологи нэвтрүүлэх шаардлага зайлшгүй тулгараад буй.
Ялангуяа боловсролын салбар цаг үеэсээ хоцрохгүй байж, ирээдүй хойчоо бэлдэх ёстой. Байгалийн гамшиг, цар тахлын үед ч боловсролын үйл ажиллагаа доголдохгүй байх нь туйлын чухал. Үүний нэг жишээ нь “Ковид-19” цар тахлын үеийн цахим сургалт байв. Дэлхий дахиныг айдаст автуулсан цар тахлын үед Монгол Улс хэдийгээр барьц алдсан ч сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоолгүй цахим хувилбараар явуулсан билээ. Анх удаагаа ийм урт хугацаанд танхимын бус хэлбэрээр сургалт явуулсан нь өдгөө салбарын мэргэжилтнүүдэд сургамж болон үлдсэн биз.
Бүх хүүхдийн гэрт интернэт, компьютер байхгүй, сурагч бүр ухаалаг утасгүй. Тиймээс хоёр хүүхэд тутмын нэгт нь цахим хичээл өгөөжөө өгөөгүй. Цахим хэмээх нэрийн доор хичээлээ хэрхэн заах арга барилаа мэдэхгүй, гартаа барих зөөврийн компьютергүй багш нар учраа олохгүй байсан нь нууц биш. Сурагчид ч цахим хичээлийг үзэх сонирхолгүй байв. Тэр дундаа бага ангийн хүүхдүүд цахим хичээлийг ойлгоогүй. Хичээлийн хугацаа богино, бас сонирхолгүй байснаас тэр. Багшаасаа ойлгоогүй зүйлээ асууж, тодруулж, харилцан ярилцаж сурсан хүүхдүүд дэлгэцийн цаана “нуугдсан” багштай ойлголцоход амаргүй байв. Зарим нь “Манай багш биш байна” гээд хичээлээ үзээгүй тохиолдол ч гарсан гэдэг. Хоёр жил дамнан үргэлжилсэн цар тахлын горыг одоогийн зургаадугаар ангид элсэн суралцах хүүхдүүд хамгийн ихээр амссан юм. Тэднийг дөнгөж нэгдүгээр ангийн босго даваад байхад нь “Ковид-19” дэгдсэн. Улсын сургуулийн сурагчид эгшиг үсгээ үзээд л гэрийн хорионд орсон билээ. Тиймээс зөв бичгийн дүрэм мэдэхгүй, тоогоо бодож чадахгүй олон хүүхэд “төрөн гарсан”. Үүний хор уршиг 2019 онд нэгдүгээр ангид элссэн хүүхдүүдэд аажимдаа илэрнэ гэдгийг судлаачид ярих болсон бөгөөд хоцрогдлыг нөхөх боломж тун бэрх гэдгийг онцолж буй юм.
Цар тахлын үед цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын байгууллагуудын нийт 32 төрлийн судлагдахуунаар 4800 гаруй цагийн хичээлийг 18 телевизээр нэвтрүүлсэн гэх мэдээлэл бий. Тухайлбал, олон хүүхэдтэй айлд ганц телевиз нь хүрэлцэхгүй, хичээл нь давхардсаны улмаас үзэж чадаагүй тохиолдол цөөнгүй. Асрамжийн газрын хүүхдүүд ч дундаа ганц зурагттай учир цахим хичээлдээ бүрэн хамрагдаж чадаагүйг “Танхим болон цахим хосолсон сургалтын онол, арга зүйн зарим асуудал” гэх их, дээд сургуулийн багш нарын хийсэн судалгаанд дурджээ. Мөн малчин өрх, зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цахим сургалт ээлгүй байв. Дахин ийм цар тахал, байгалийн гамшиг давтагдахгүй гэх баталгаагүй. Тиймээс “Ковид-19” цар тахлын үед “гурилдсан” шиг үйл явцыг дахин давтахгүйн тулд харьяа яам, Тамгын газар, холбогдох байгууллагынхан нь бэлэн байдлаа хангаж, дутуугаа нөхөж явахад илүүдэхгүй.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Г.Мөнхбилэгээс ирэх хичээлийн жилийн цахим сургалтын талаар тодруулсан юм. Тэрбээр “Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний А/01 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийт 34-37 долоо хоног хичээллэнэ. Ингэхдээ 10-12 дугаар ангийнханд цахим хичээл оруулахаар болсон. Энэ хугацаанд сурагчид бүх хичээлээ цахимаар үзэх бөгөөд үүнтэй холбоотой зөвлөмжийг Боловсролын ерөнхий газраас сургуулиудад хүргэх юм. Цар тахлын үед манай улс анх удаа урт хугацаанд зайны сургалтад шилжсэн. Тухайн үед туршлага, тоног төхөөрөмж дутсан зүйл олон гарсан. Цаашид танхим болон танхимын бус сургалтыг хосолсон хэлбэрээр явуулах үүднээс эхний ээлжид ахлах ангийнхныг цахим сургалтад хамруулах юм” гэв. Мөн бие даалтыг намар, хаврын улиралд буюу арав болон гуравдугаар сарын сүүлчээр зохион байгуулах аж. 1-12 дугаар ангийн сурагчдыг үүнд хамруулна. Өөрөөр хэлбэл, бие даалтын долоо хоногийг хичээлийн цагт тооцох аж. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, зургаан настнуудыг нүд, шүд, зүрх, судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах гэнэ. Хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварт сургах хөтөлбөрийг танхимын болон танхимын бус аргаар зохион байгуулах тухай Боловсролын сайдын тушаалд дурдсан юм. Гэхдээ энэ хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх нь тухайн сургуулийн удирдлага, багш нарын идэвх, зүтгэл, санаачилгаас шалтгаалахаар байна. Энэ тухайд Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр “Зургаан настнуудыг ирэх аравдугаар сарын 18-наас эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Мөн хавар зохион байгуулна. Бие даалтын хугацаанд зайны сургалт явуулж болно. Зөвлөмж, мэдээллийг нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын бүх сургуульд хүргүүлсэн. Ирэх арваннэгдүгээр сараас цахим сургалттай холбоотой зөвлөмжийг хүргүүлнэ” гэв.
Улсын сургуулиуд л төсөв мөнгөтэй холбоотойгоор цахим шилжилт хийж хүчрэхгүй, багш нар нь гар хоосон, танхимын бус сургалт сурагчдад тэгш хүртээмжтэй биш байна. Харин хувийн хэвшлийн сургуулийн сурагчид зайн сургалтад хэдийн шилжсэн. Онлайнаар сурч хөгжих нь тэдэнд шинэ зүйл биш юм. Техник, технологи үсрэнгүй хөгжиж буй энэ цагт дэлхийн хаанаас хэн ч хүссэн мэдээллээ цахимаар авч, суралцах боломж бий. Ялангуяа гадаад хэлийг багшгүйгээр интернэтээс сурсан хүн цөөнгүй. Тухайлбал, энэ жилийн элсэлтийн шалгалтаар хоёр хичээлдээ 800 оноо авсан, Дорноговь аймгийн Сайншанд сумын I сургуулийн сурагч А.Сувдаа англи хэлийг юүтүб сувгаас сурснаа онцолж байв. Тэрбээр боловсролын контентуудыг англи хэлээр үзэж, дууны үг цээжлэх зэргээр сурчээ.
Багш нарын тухайд нийтээрээ цахимаар сурна гэдэг цаг хугацааны хувьд арай л болоогүйг онцолсон ч дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд зайны сургалтыг аажмаар нэвтрүүлэх нь зөв гэцгээж байв. Тухайлбал, “Хүүхдүүдийн суралцах арга барил, мэдээллийн технологийг ашиглах чадвар, цахим хэрэгсэл эзэмших боломж зэргээс зайны сургалтын үр дүн хамаардаг. Манай сургуулийн тухайд харьцангуй суурин газар учир техник, технологи, интернэтийн асуудлаа шийдвэрлэж байгаа. Орон нутаг, алслагдсан сум, багийн сургуулийн хүүхдүүдэд мэдээж амаргүй. Адаглаад л гар утасны сүлжээ унадаг” гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Мөнхбаатар ярив. Түүнчлэн энэ удаагийн элсэлтийн шалгалтын үр дүн, ялангуяа математик, химийн хичээлээр шалгуулсан нийт сурагчийн дундаж оноо 23 байсан нь цар тахлын үед зайны сургалт явуулсантай холбоотой гэж тайлбарлах багш, мэргэжилтэн цөөнгүй гарав. Цахим сургалт үр дүн муутай нь нэгэнт батлагдсан байхад цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзэх нь ч бий. Гэвч дэлхий нийтээр дэвшилт технологид шилжиж, уламжлалт арга барил улиран одож буй энэ цагт цахим хичээлийг чанартай, үр өгөөжтэй явуулахад л аль аль талдаа анхаарах шаардлага үүсээд байна. Цэцэрлэгийн багачууд ч интернэт хэмээх “багш”-аас дуу, шүлэг, бүжиг, гадаад хэл сурчхаад байхад сурагчид, цаашлаад их, дээд сургуулийн оюутнууд сургалтын арга барилаа өөрчлөхгүй бол орчин үетэйгээ хэрхэн хөл нийлүүлэн алхах билээ. Тиймээс зарим их, дээд сургууль сургалтаа хосолсон хэлбэрээр явуулахыг хичээж буй. Ерөнхий суурь хичээлийн лекцийг цахимаар орох тохиолдол цөөнгүй байна. Цахим сургалтыг холимог, тонгоруу, хосолмол хэлбэрээр явуулдаг аж.
Танхимын болон хосолсон сургалтыг манай улсад хэрэгжүүлэхэд шинэлэг хэвээр буй. Гэвч мэдээллийн технологийн хөгжил, оюутан, сурагчдын хэрэгцээ, сонирхол энэ чиглэл рүү улам тэмүүлэх болсон. 2022 онд манай улс анх удаа “Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байв. Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрээс багш, сурагчид ажиллаж, суралцах боломж бүрдсэн юм. Ахлах ангийн сурагчдын сонгон судлах хичээлийг цахимаар заах зорилгоор уг сургуулийг анх нээсэн ч өдгөө үйл ажиллагаа нь өргөжин тэлээд буй. Medle.mn цахим хуудсанд нэвтэрснээр сургуулийн өмнөх болон 1-12 ангийн хичээлийг үзэх боломж бүрдсэн. Ойлгоогүй хичээлээ хэзээ ч, хаанаас ч үзэх боломж олгодог нь цахим сургуулийн давуу тал билээ. Ингэснээр хомсдолд орсон багшийн орон тоо, цаг хугацааг хэмнэж буй юм. Энэ мэтээр хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, компьютер, тоног төхөөрөмжгүй сургуулийн тоог цөөлөх, амьжиргааны боломж тааруу өрхийн хүүхдүүдийг сурах эрхээ бүрэн эдлэхэд анхаарахгүй бол боловсролын ялгаа улам гаарах нь. Үүний зэрэгцээ сургуулиудад дэвшилт технологийг нэвтрүүлсэн ч үр шимийг нь хүртэж чадахгүй бол шилний цаанаас чихэр долоолгохтой адил юм. Зарим сургуулийн багш нар шинэ компьютер, таблет, ухаалаг самбар зэрэг төхөөрөмжийг нь хэрэглэхээс хайрлаж, эвдэрвэл өрөнд орно гээд үзмэр аятай хадгалдаг жишээ цөөнгүй. Багш, ажилтнуудаа орчин үеийн технологитой ажиллах, цахим сургалтын арга барилд сургахгүй бол зайны сургалтын цаана хүүхдүүд хохирсон хэвээр үлдэхээр байна. Боловсролын салбарын өмнөх сайд хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгаж, эрх тэгш, хүртээмжтэй хүргэх гол арга зам нь цахим шилжилт гэдгийг онцолж байсныг сануулахад илүүдэхгүй биз. Цахим шилжилтийн хүрээнд боловсролын салбарт цахим сургалтын платформыг нэвтрүүлэх, багш нарыг компьютероор бүрэн хангах, сургууль бүрийг цахим ангитай болгож, тоог нэмэгдүүлэх, интернэтийн хурд, хүчин чадлыг ихэсгэх, алслагдмал сум, суурингийн сургуулийг интернэтийн сүлжээнд холбох зэргээр ажиллаж буйгаа танилцуулж байв. Энэ ажлыг одоогийн сайд үргэлжлүүлж, цахим сургалтыг үр өгөөжтэй болгоход анхаарна гэж найдъя.