Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэртэй болгохоор олон улсын байгууллагын төлөөллийг урьж, урьдчилсан судалгааны ажлууд гүйцэтгүүлж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Үүний хүрээнд Германд төвтэй, олон улсын архитектур, инженерингийн GMP компанийн удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр тус хүрээлэнд ажиллажээ. Энэүеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн удирдагч Ж.Энхжаргалан “Дөрвөн улирлын турш ашигладаг, онгойж, хаагддаг дээвэртэй, автозогсоолтой, 30 000 гаруй хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га газарт барихаар судалж байгаа. Судалгааны ажлыг ирэх есдүгээр сард дуусгаж, зураг төсөл боловсруулах тендер зарлахаар төлөвлөсөн. Бид дэлхийд туршлагатай архитектурын компаниудын төлөөлөлтэй хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож, эцсийн үнийг санал болгоно” гэв. Тэгвэл GMP компанийн төлөөлөл шинэ цэнгэлдэх хүрээлэнг өөр байршилд бус, одоогийн газарт барих нь зүйтэй гэж зөвлөжээ.