Улаанбаатар хот ухаалгаар орон сууцжуулах төлөвлөгөөтэй болох гэнэ. Ийм агуулгатай тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн өдөр зарлажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендерийг сарын дараа нээнэ. Шалгарсан байгууллага нь гэр хорооллын дахин төлөвлөлт болон хуучин орон сууцыг буулган, шинээр барих төслүүдийн “алсын хараа”-г тодорхойлох үүрэгтэй гэнэ. Тодруулбал, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны цаашдын зорилго, зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бизнес моделийг барилгын зориулалт, байршлын онцлогтой уялдуулан боловсруулах ёстой аж. Ийм бичиг баримт бүрдүүлэхийн тулд хотын удирдлага бидний буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 771.2 сая төгрөг зарцуулна.
Сонирхолтой нь, нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 2013, хуучирсан орон сууцыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааг 2015 онд эхлүүлсэн байдаг. Тэгэхээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дээрх үйл ажиллагаанууд нь ямар ч зорилго, зорилтгүй явж ирсэн хэрэг үү. Нөгөөтээгүүр, нийслэлийн харьяа өчнөөн байгууллагад эл асуудлыг зохицуулах нөөц боломж байхгүй юу. Уг нь хот байгуулалт, төлөвлөлт, орон сууц хариуцсан байгууллагынх нь тоо лав тав байна. Тухайлбал, нийслэлийн Орон сууцын бодлогын, Хот байгуулалт, хөгжлийн, Хотын стандарт, хяналтын гэсэн гурван том байгууллага бий. Мөн судалгаа, тооцоо, шинжилгээнд төвлөрөн ажиллах үүрэгтэй Бодлогын судалгаа, шинжилгээний төв ч ажилладаг. Түүнчлэн энэ оны өмнөхөн орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” гэх компани байгуулаадахлаа.
Ийм олон байгууллагын урсгал зардалд иргэд, аж ахуйн нэгжүүд төлсөн татвараараа дамжуулан өчнөөн мөнгө өгсөөр буй. Тэгсэн атал яагаад бас нэгэн төлөвлөгөө боловсруулахад нэмж мөнгө төлөх ёстой вэ. Хэрэв нийслэлийг үнэхээр л ухаалгаар орон сууцжуулах гээд байвал холбогдох байгууллагын алба хаагчдаа ажилд оруулж, хийлгэх ёстой юм биш үү.
Ташрамд дурдахад, нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” компани байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ. Уг компанийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө удирдахаар болсон байна. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй. Өмнө нь нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. “Улаанбаатар орон сууцжуулалт” компани нь гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэнэ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг буулгах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж.
М.Оч