Боловсролын зээлийн сан (БЗС)-гаас мэдээлэлд ойр эрх мэдэл, танил тал, албан тушаалаа ашиглан өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ зээл, тэтгэлэг олгуулсан дуулианы мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй билээ. Энэ шалгалтын хүрээнд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл, тэтгэлэг олгосон материалтай хууль сахиулагчид танилцаж дуусжээ. Үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал, боловсролын салбар хариуцсан сайдын тушаалд заасан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон, БЗС-тай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр нь бичигдээгүй иргэдэд мөнгө өгсөн, суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн, заасан сургуулиас өөр боловсролын байгууллагын данс руу шилжүүлсэн зэрэг зөрчил олон байж.
БЗС-гийн гэх хэргийг шалгах явцад тус сангаас тэтгэлэг олгосон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар буюу 5.9 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд БЗС-г удирдаж байсан хоёр ч албан тушаалтныг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, БЗС-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй гэнэ. Түүнд холбогдох хэрэгт гадаадаас зарим шаардлагатай нотлох баримт гаргуулан авах ёстой учраас удаашраад буй аж. Д.Гарди 2022 оны дөрвөөс зургаадугаар сард өөртөө 1.5 сая гаруй төгрөгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж, уг мөнгийг авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт БЗС-гийн зээлээр суралцсан бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр мөн оны наймдугаар сард хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ. Өдгөө түүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Мөн албан тушаалаа урвуулж, хамаарал бүхий хүн буюу хүүхдэдээ давуу байдал олгосон хэрэгт БЗС-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнг яллагдагчаар тооцон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй Австралийн “The university of New South Wales” гэх сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Уг сургуульд сурч байхад нь П.Лхагвасүрэн зээлийн гэрээний хавсралтад заасан барьцаа хөрөнгө болох орон сууц, автозогсоолын барьцаалбарыг хүчингүй болгосон билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Лхагвасүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болоод буй билээ.