БНСУ-ын Пёнчан хотод болсон, тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо. Тэднээс ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн сонгомол уралдааны 15 км-ийн зайг 46 минут долоон секунд есөн доль, тэшилтийн 30 км-ийн зайг нэг цаг 19 минут таван секундэд туулсан байна. Тэрбээр өнгөрсөн жил дээрх тэмцээнд мөн өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл энэ удаа амжилтаа ахиулан хошой алтан медалийн эзэн боллоо. Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй. Түүний хувьд гүйлтийн цанын Б зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн Монголын анхны тамирчин юм.