Жолоочийн албан журмын даатгал 20 хувиар нэмэгдэж, жилд 700 мянган төгрөгийн татвар төлөх болсон талаар иргэд нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсээр байна. Тэгвэл жолооч бүр даатгалд ийм хэмжээний мөнгө төлөхгүйг Албан журмын даатгагчдын холбооныхон тайлбарлав. Албан журмын даатгалын өмнөх суурь хураамжаар А, Е ангиллын жолооч жилд 12 500, В ангиллынх 33 000, С ангиллынх 42 500, D ангиллынх 53 000 төгрөг төлдөг байжээ. Тэгвэл энэ сарын 1-нээс жолоочийн албан журмын даатгалыг 0.4 хувиар нэмэх шинэчилсэн журмыг улсын хэмжээнд мөрдөж эхэлсэн гэнэ. Ингэснээр зөвхөн С, D ангиллын болон өөрийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй хүний тоог “хязгааргүй”-ээр бүртгүүлсэн жолооч нарын албан журмын даатгалын хураамж жилд хамгийн ихдээ 700 мянган төгрөгт хүрч байгаа аж.
Харин хариуцлагатай, сайн жолооч нарын албан журмын даатгалын суурь хураамжид 0.4 хувийн нэмэгдлээс өөр өөрчлөлт орохгүйг албаныхан хэлсэн. Гэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, осол гаргасан зэрэг тохиолдолд даатгалын жилийн суурь хураамж шинэ зохицуулалтаар харилцан адилгүй хувиар нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл, жолооч даатгалын гэрээт хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд албан журмын даатгалын татвар нэмэгдэнэ гэсэн үг.
М.Гэгээ