Нийслэлийн Байгаль орчны газраас хүрээлэн буй орчны бохирдол, хөрсний доройтлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын есөн дүүрэгт байнгын ажиллагаатай хяналт мониторингийн цэгийн тоог 500- гаар нэмснээ өчигдөр мэдээлэв. Хяналт мониторингийн цэгүүдийг олшруулснаар хүнд металл, нянгийн бохирдлын хэмжээ, тархцыг тогтмол тандах, эх үүсвэрүүдэд хяналт тавих, бохирдол бууруулах, саармагжуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад шаардлагатай суурь мэдээллийг боловсруулах ач холбогдолтой гэнэ. Хяналтын цэгийн мэдээллийг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрын дундын мэдээллийн санд нээлттэй байршуулахаар болжээ. Түүнчлэн тус газраас нийслэлийн хэмжээнд 15 га газарт хөрсний эвдрэл, доройтол, бохирдлыг саармагжуулах ажил зохион байгуулахаар дүүрэг, хороодтой хамтран ажиллаж эхэлснээ мэдээллээ.