Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоон, таслан зогсоож, хамгаалалтад авч байна. “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагынхан олон улсын сайн туршлагыг Монголд анх удаа нэвтрүүлэх зорилгоор “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг ЦЕГ, ХХЕГ-ын зөвшөөрлийн дагуу Гаалийн ерөнхий газрынхантай хамтран 2018 оноос эхлэн хилийн боомтуудад хэрэгжүүлж буй нь энэ аж. Үүний хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг дээрх байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.
Төслийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, эсхүл хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоох, таслан зогсоох, хамгаалах аж. 2018-2020 оны нэгдүгээр сарын хооронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй 3602 охин, эмэгтэйгээс асуулга, судалгаа авч, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ. Мөн эрсдэлт нөхцөлд орсон байж болзошгүй 206 эмэгтэйг тогтоон, 25-д нь шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь аюулгүй буцаасан байна.
Цар тахлын дараагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж, улмаар хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэл ихэсжээ. Тиймээс дээрх төслийг дахин эхлүүлэх хүсэлтийг ХХЕГ-ынхан гаргасан гэнэ. Ингээд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-нөөс дээрх үйл ажиллагааг дахин эхлүүлж, өдий хүртэл үргэлжлүүлж буй аж.
Төслийг дахин хэрэгжүүлсэн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй нийт 3735 зорчигчоос асуулга, ярилцлага авч, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ. Тэднээс 98 зорчигч эрсдэлд өртөж болзошгүй нь тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоожээ. Нэг иргэн мансуурлын байдалтай байсан тул Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилсан талаарх мэдээллийг “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагынхан уулзалтын үеэр ХЭҮК-т өглөө.
М.Оч