- 30.4 тэрбумын санхүүжилттэй төслийн хүрээнд 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станц суурилуулахаар төлөвлөжээ -
Манай улсын холбогдох яамд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг нэгэн төслөөс Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээ боловсруулахад ашигладаг компьютер, техник хэрэгслийг шинэчилж өгөхөөр болж гэнэ. Байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, осол, өдөр тутмын цаг агаарын мэдээллийг шуурхай, нарийвчлалтай гаргаж чаддаггүй хэмээх олны шүүмжлэлийг үгүйсгэж, “Цаг уурын байгууллагынхан боломж нөхцөлдөө тааруулан хамгийн сайнаараа ажилладаг” гэж хаацайлж ирсэн албан тушаалтнууд олон улсын байгууллагаас дэмжлэг авах нь тодорхой болонгуут техник хэрэгслээ хуучирч, муудсаныг сая нэг хүлээн зөвшөөрч, “голов”. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлснээр цаг уурын байгууллагынхан одоогоос 14 жилийн өмнө суурилуулсан, ашиглалтаас гарах дөхсөн, бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй компьютерын тусламжтайгаар цаг агаарын мэдээ, мэдээллийг боловсруулж, түгээж иржээ. Одоо ч үүнийгээ ашиглаж байна. Харин цаашид үүнийг удаан хэрэглэх аргагүй тул шинэчлэхээс өөр сонголтгүй болж. Нэгэнт цаг уурын байгууллагын техникийн чадамж, хангамжтай холбоотой асуудал сөхөгдөж, анхаарч эхэлснийх тус газрын мэдэлд байдаг агаарын чанарын суурин харуулуудыг ч шинэчилж, нийслэлчүүдийг үнэн, бодитой мэдээллээр хангах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудаас энэ ташрамд хүсье. Эл хүсэлт байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагуудад хамаатай гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Одоогийн байдлаар нийслэлд агаарын чанар хэмждэг суурин харуул буюу автомат станц 61 байна. Үүний 20 нь “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийнх. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оноос хойш нийслэл, орон нутагт тус бүр 20 төхөөрөмж суурилуулжээ. Харин хувийн хэвшил болон олон улсын байгууллага, ЭСЯ-дад харьяалагддаг 22 хэмжигч бий. Улсын мэдэлд буюу төрийн байгууллагынхны өмчийн 19 суурин харуул байдаг. Үүний зургаа нь нийслэлийн ЗДТГ-т, 13 нь ЦУОШГ-т харьяалагддаг боловч мэдээ, мэдээллийг нь боловсруулах, нэгтгэн дамжуулах, өдөр тутмын үйл ажиллагааг нь цаг уурын байгууллага хариуцдаг юм. Үндсэндээ хувийн хэвшлийн байгууллагуудын автомат станцуудын ихэнх нь хязгаарлагдмал хүрээнд буюу өөрсдийнх нь оршин суугаа газруудад байршилтай, мөн агаарын чанарын мэдээлэл дамжуулах суваг нь олон нийтэд төдийлөн хүртээмжтэй байдаггүй. АНУ-ын ЭСЯ-ны хэмжигч төхөөрөмж гэхэд зөвхөн Зуул айл орчмын агаарын чанарыг танддаг бөгөөд тухайн орны Байгаль орчныг хамгаалах агентлагийн “AirNow” сайтаар дамжуулан бохирдлын түвшнийг мэдээлдэг. Үүнийг нийслэлчүүд бараг ашигладаггүй гэхэд болно, мэдэх хүн ч ховор. “Хай пэймэнт солюшнс” компани “Hipay” аппликэйшнээрээ дамжуулан зөвхөн хэрэглэгчдэдээ агаарын чанарын мэдээллийг хүргэдэг. Мөн л мэдээлэл нь нийтэд хүртээмжгүй гэсэн үг. МУИС-ийн Номын сан орчмын агаарын бохирдлын үзүүлэлтийг харуулсан зурагт мэдээлэл нийгмийн сүлжээнд үе үе үзэгдэх болсон нь “Hipay” аппликэйшнийх юм. Харин улаанбаатарчуудын хамгийн сайн мэддэг, өргөн ашигладаг, хэрэглээнд ойр, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүст мэдээллийн гол эх сурвалж болдог хэмжигч нь цаг уурын байгууллагынхны мэдэлд байдаг 19 суурин харуул. ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтэс, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийнхон тэдгээр суурин харуулын мэдээллийг agaar.mn сайт, “O2” аппликэйшнээр дамжуулан өдөр тутам мэдээлж, Улаанбаатар хотын агаарын чанарын төлөвийг долоо хоног, сар, улирлаар нь гаргаж, олон нийтэд танилцуулдаг билээ. Гэтэл төрийн байгууллагынхны нүд, чих, иргэд, олон нийтийн хэрэглээнд ойр энэхүү суурин харуулууд нь агаарын чанарын үзүүлэлтийг бодитоор тооцож, мэдээлдэг, эсэх нь бүрхэг, эргэлзээтэй.
Аgaar.mn болон “AirNow” сайт дахь мэдээлэл эрс зөрдөг. Тодруулбал, ЦУОШГ-ын хэмжигч төхөөрөмж Зуун айл орчмын агаарын бохирдлын түвшнийг АНУ-ын ЭСЯ-ны автомат станцын үзүүлэлтээс доогуур буюу илт бууруулж мэдээлдэг. Туршилтын шугамаар хэд хэдэн удаа харьцуулахад манай улсын суурин харуулын үзүүлэлт олон улсын байгууллагын төхөөрөмжөөр тогтоосноос 3-4 дахин бага байв. Гярхай, мэдээлэл, технологид ойр хүмүүс энэ ялгааг нь хэдийн олоод “илрүүлчихсэн”. Орчны бохирдол хэмжигч тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч группүүдтэй хамтран ажилладаг, манай улсын “Грийнтрендс” хэмээх компанийнхан тусгай хэмжигч багаж ашиглан нийслэл дэх зарим суурин харуулын “но”-г илчилсэн. Бөхийн өргөө орчмын агаарын чанарын индексийг аgaar.mn сайтад 121 гэж үнэлэн “бага бохирдолтой” ангилалд багтааж байхад “Aeroqual” хэмээх хэмжигч төхөөрөмж 266 буюу мэдрэмтгий хүмүүст нөлөөлөхүйц их бохирдолтой гэж тогтоосныг тус компанийн нэгэн мэргэжилтэн мэдээлсэн юм. Бид яг одоо агаарын бохирдлын талаар үнэн, бодитой мэдээлэл авч чадахгүй байна. Тиймээс агаарын чанарыг хэмждэг төхөөрөмжүүдээ шинэчилж, орчин үеийн, дэвшилт технологийг хэрэглээнд нэвтрүүлэн, иргэд, олон нийтэд бодитой мэдээлэл хүргэхийг хүсэж буй юм. Үүнийг хэрэгжүүлэх боломж ч байна.
Манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам хамтран, 8.9 сая ам.доллар (одоогийн ханшаар 30.4 тэрбум төгрөг)-ын буцалтгүй тусламжийн санхүүжилттэй “Үндэсний хэмжээнд агаарын чанарын хяналт мониторингийн чадавхыг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн оноос Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хийхээр төлөвлөсөн гол ажил нь агаарын чанарыг олон төрлийн үзүүлэлтээр хэмждэг, иж бүрэн автомат станц суурилуулах. Анх уг төслийн талаар мэдээлэхдээ “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд автомат станц суурилуулна” гэж байсан ч одоо үүнийг зөвхөн орон нутагт хэрэгжүүлэхээр болжээ. ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга С.Энхмаа “Уг төслийг 2023-2026 онд хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хоёр жилд бэлтгэл, судалгаагаа хийсэн. Энэ оны хавраас эхлээд аймгийн төвүүдэд автомат станцуудаа суурилуулна. Орон нутаг дахь станцууд агаар бохирдуулагч бодисуудыг бүрэн гүйцэд хэмждэггүй, хоёр төрлийн үзүүлэлтийг л мэдээлдэг. Харин нийслэл дэх харуулууд 19 цэгт хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу ислийг тасралтгүй, тогтмол хэмждэг. Тиймээс юуны түрүүнд аймгийн төвүүдийг байнгын ажиллагаатай автомат станцтай болгохыг зорьж байгаа” гэсэн юм.
Аймгийн төвүүд утаагаараа Улаанбаатарын араас “нэхэж яваа”. Хүн ам ихтэй, томоохон аймгуудад агаарын бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад агаарын чанарыг хянах, мэдээлэх шаардлага ч үүссэн. Гэхдээ асуудалд эрэмбэ дараатай, үндэслэл суурьтай хандвал Монгол Улсын хүн амын тэн хагас нь аж төрж буй нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтыг сайжруулах нь илүү чухал, үр нөлөөтэй юм. Боломж нөхцөл нь бүрдвэл орон нутаг, нийслэл гэж ялгалгүй техникийн шинэчлэл хийх нь зөв ч аль нэгийг нь чухалчилж үзэх шаардлагатай тохиолдолд 1.5 сая хүн амтай нийслэл өмнө нь бичигдэнэ. Улаанбаатарт агаарын бохирдол ямархуу байгаа билээ дээ. Гамшгийн хэмжээнд хүрээд удаж байна. Одоо ашиглаж буй суурин харуулуудыг 2010 оноос эхлээд ашиглалтад нэвтрүүлсэн юм билээ. Үүнээс хойших 15 жилд гарсан технологийн дэвшлийг ярих аргагүй. 2016, 2017 оны үед л нийслэл дэх суурин харуулуудын хүчин чадал, чанарын асуудал хөндөгдөж, гологдож байж. Одоо бүр ч дордсон нь тодорхой. Баруун дөрвөн замд байршуулсан агаарын чанарын суурин харуулын мэдээллийн самбар гэхэд өчигдөр ажиллахгүй байв. Хэмжилтийн төхөөрөмж нь эвдэрсэн үү, эсвэл зөвхөн дэлгэц нь “паг болсон” уу, мэдэхгүй. Иймд агаарын чанарын хяналтыг сайжруулах чиглэлээр өдгөө хэрэгжүүлж буй ганц төслийнхөө санхүүжилт, хөрөнгө хүчийг “аль нь хамгийн чухал вэ” гэдэг зарчмаар эрэмбэтэй, үр дүнтэй зарцуулах нь чухал болоод байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан хэд хоногийн өмнө мэдээлэл хийхдээ “БНХАУ-ын Бээжин хотод мөн манайхтай ижил, цөөн тооны суурин харуул байдаг” гэж ярина лээ. Манайхаас ялгаатай нь өмнөд хөрш агаарын бохирдлоо гамшгийн түвшнээс бууруулж чадсан. Тэгээд ч тэд хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиудыг хяналт мониторингийн зориулалтаар ашигладаг. Мөн тэдгээр нь байнга ажилладаг, үнэн, бодитой мэдээлэл дамжуулдаг. Харин манай улс дахь суурин харуулууд агаарын бохирдлын үзүүлэлтүүдийг бодитоор хэмжиж, мэдээлж чадахгүй байна. Суурин харуулуудыг шинэчлэх ажлыг утааны голомт болсон Улаанбаатараас эхлүүлье.
Н.Мишээл