Идэр есийн хүйтэн эхлээд байхад автобусны дулаан зогсоолууд ажиллахгүй байна. Энэ сарын 4-нд нийслэлд -20 орчим хэмийн хүйтэн байлаа. Автобусны буудалд зогсох хүмүүс даарсандаа дулаацахаар гараа үлээж, хөлөө хавсарч харагдана. “Хархорин” захын ойролцоох автобусны буудлын орчимд дулаан зогсоол уг нь байрлуулжээ. Гэвч түгжээтэй. Уг нь 18.30 цаг буюу хүмүүсийн ид хөдөлгөөнтэй байдаг үе. Түүнчлэн уржигдрын 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Emart” худалдааны төвийн шинэ салбарын урд хэсэгт байрлах автобусны дулаан зогсоол ч хаалттай байлаа.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай холбогдож энэ талаар тодруулахад “Дүүргийн хэмжээнд одоогоор автобусны дулаан зогсоол 14 бий. Энэ сард багтаагаад дахин таван дулаан зогсоол нэмэх төлөвлөгөөтэй. Автобусны дулаан зогсоолууд өдөр бүр 06.00-22.00 цаг хүртэл нээлттэй. Үүнээс хойш түгждэг. Шөнийн цагаар нээлттэй байлгахаар орон гэргүй хүмүүс орж хоноглох, эд хогшлыг эвдэлж сүйтгэх тохиолдол элбэг. Тиймээс автобусны дулаан зогсоолыг хариуцах эзэнтэй болгоно. Одоогоор хороодын ажлын албанд дулаан зогсоолын түлхүүр бий. Үлдсэн зогсоолыг байрлуулсны дараа дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, эсвэл хороодод нь хариуцуулах уу гэдгийг шийднэ. Ингэснээр хариуцах эзэнтэй болж, шөнийн цагаар ч дулаан зогсоолыг нээлттэй байлгах боломж бүрдэх юм” гэв.
Мөн автобусны дулаан зогсоолтой болсон нь сайшаалтай хэдий ч иргэд хогоо ил задгай хаях, эд хогшлыг нь эвдэж сүйтгэх тохиолдол их юм билээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “120 мянгатын автобусны буудалд байрлуулсан дулаан зогсоолын дүр төрх. Гахай, нохой шиг тааралдсан газраа хогоо ил задгай хаяна. Нийтийн эзэмшлийн зүйл хэрэглэж сураагүй ухамсаргүй иргэн даанч олон юм. “Хогоо ил задгай битгий хаяач” гээд санамж бичээд тавихаас өөр яах билээ. Заавал торгож шийтгэж байж, эсвэл зургийг нь олон нийтийн сүлжээнд цацсаны дараа ойлгох юм болов уу” хэмээн цахим хуудсандаа хуваалцжээ. Ийнхүү нээлттэй байгаа хэд нь хог хаягдалдаа “дарлуулжээ”.
А.Үүл