Олон улсын уулчдын холбооноос энэ онд зохион байгуулах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн БНСУ-ын Чонсон хотод маргааш эхэлнэ. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх эхний цувралд оролцохоор “Сутайн бор” клубийн баг хөлгийн жолоо заллаа. Дээрх холбооны гишүүн 25 орны 150 гаруй тамирчин хоёр сарын хугацаанд гурван тивд өрнөх таван тэмцээнд ур чадвараа сорих юм. Манайхаас мөсөнд авиралтын Азийн аварга, дэлхийн мөнгөн медальт, “Дэлхийн цом”-ын аварга Н.Хэрлэн хурд, техник, ОУХМ О.Сайханжаргал хурд, эмэгтэйчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт Н.Сэлэнгэ мөн хурдны төрөлд өрсөлдөнө. Тэд дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлагад бэлтгэлээ “Найрамдал” мөсөнд авиралтын хананд 16 хоногийн турш базааж, Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад хүчний сургуулилалт хийжээ.
Монгол Улс мөсөнд авиралтын тив, дэлхийн тэмцээний таван цувралд эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг анх удаа бүрдүүлж илгээж байна. Манайхан дээрх тэмцээний дараа Швейцарын Саас-Фид энэ сарын 23-25-нд, Францын Шампани-эн-Вануаз хотод 31-нээс хоёрдугаар сарын 2, АНУ-ын Лонгмонтод ирэх сарын 21-23, Канадын Эдмонтонд 27-ноос гуравдугаар сарын 1 хүртэл болох цувралд хурд сорих нь.