Италийн Турин хот дэлхийн оюутны спортын өвлийн универсиад наадамд оролцох тамирчдыг хүлээн авахад бэлэн болжээ. Ирэх долоо хоногт эхлэх XXXII наадамд 57 орны 2000 гаруй оролцогч спортын 11 төрөлд 90 багц медалийн төлөө өрсөлдөх нь. Монголын цанын үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад өрсөлдөхөөр хилийн дээс алхав. Манайхан тус наадмын өмнө Францад бэлтгэл базааж, Олон улсын цанын холбооноос зохион байгуулах тэмцээнд оролцоод Туриныг зорино. Монголын баг 20 хүний бүрэлдэхүүнтэй. Уулын цанын төрөлд дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлагад эрэгтэйчүүдээс О.Өсөх-Ирээдүй, эмэгтэйчүүдээс А.Сондорбаяр, А.Итгэл нар хурд сорих юм.
Тэгвэл снөүбордын төрөлд эрэгтэйчүүдээс Г.Ганзориг хурд хүчээ сорин өрсөлдөх аж. Уулын цана, снөүбордын тамирчид Италийн баруун хойд хэсэгт, Франц улстай хил залгаа орших Бардонекчиа хотод байрлах дээрх наадмын тосгонд энэ сарын 12-нд очиж, бэлтгэл хийж тэмцээндээ оролцохоор болжээ. Дээрх наадамд оролцох манай улсын тамирчид нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ын “The north face” брэндийн хувцас өмсөж жагсана.