Манай оронд жуулчлах зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд зорчих Өмнөд Солонгосын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дахин нэг жилээр сунгасныг Монгол дахь тус улсын ЭСЯ-наас мэдээлэв. Засгийн газар цар тахлын дараах хямралыг даван туулах, аялал жуулчлалыг сэргээх зорилгоор 2022 оны тавдугаар сард ийм шийдвэр гаргасан бөгөөд хүчинтэй хугацааг нь 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж тогтоосон юм. Тэгвэл солонгос жуулчид дахин нэг жил буюу энэ он дуустал манай улсад визгүй зорчих нь.
Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд энэ талаар “Монголын Засгийн газар солонгос иргэдийг хилээр визгүй, аюулгүй нэвтрүүлэх зөвшөөрлийг сунгалаа. Тиймээс манай орны иргэд аялал жуулчлалын зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд Монголд зорчих хүсэлтэй бол өмнөхийн адил визгүйгээр, ямар нэгэн тусгай шаардлага, баримт бичиггүй хилээр нэвтрэх боломжтой. Харин жуулчлалаас өөр зорилгоор тус улсыг зорих бол үүндээ тохирсон виз зайлшгүй авах ёстой. Энэ шийдвэр нь Бүгд найрамдах Солонгос, Бүгд найрамдах Хятад улс хоорондын харилцааг өргөжүүлж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд ч ач холбогдолтой” гэжээ.
Засгийн газар ийм шийдвэр гаргаснаа манай улсын аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, тур операторуудад албан ёсоор урьдчилж мэдэгдээгүй аж. Салбарын холбогдох байгууллагынхан, бизнес эрхлэгчид БНСУ-ын ЭСЯ-ны мэдээллээс л үүнийг олж мэджээ. Хэрэв албан ёсоор урьдчилан мэдэгдэж, зарласан бол Өмнөд Солонгосоос жуулчин хүлээж авдаг компаниуд энэ оны аяллын хөтөлбөр, төлөвлөгөөгөө эрт гаргаж, бэлтгэлээ базаах байсныг бизнес эрхлэгчдийн төлөөллүүд хэлэв.
Ж.Сувд