БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар “Чингис хаан” үндэсний музейд “Дижитал контент хөгжүүлэх үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх” төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд хэрэгжүүлэгч хоёр тал төслийн нарийвчилсан судалгааны төлөвлөгөөг өчигдөр танилцуулсан юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шинэ техник, технологи нэвтрүүлэн, музейн боловсролын хөтөлбөрийг орон зай харгалзахгүйгээр нийтэд хүргэх боломж бүрдэх нь. Мөн тус салбарын ажилтнуудыг чадавхжуулан, музейн дэглэлтийг дижитал хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн багачуудын сэтгэхүйд тохирсон мэдлэг түгээх, хүүхдийн дижитал музей байгуулж, энэ чиглэлээр тогтвортой ажиллах боловсон хүчин бэлтгэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ талаар “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Манай музейнхэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг өнгөрсөн жил Францад олны хүртээл болгосон. Харин ирэх гуравдугаар сард Чехийн Прага хотод, аравдугаар сард Швейцарт дэлгэнэ. Мөн ХБНГУ-ын Берлин хотод 2026 онд олны хүртээл болгохоор төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлснээр Монголын түүх, соёлыг сурталчлан түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулна” гэсэн юм.
У.Сүрэн