Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ынхан 2011 онд суурилуулсан, АНУ-ын “Cray” компанийн өндөр хурдны компьютерын тусламжтайгаар өдөр тутмын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээгээ боловсруулж иржээ. Өдгөө эдгээр компьютерын ашиглалтын хугацаа дууссанаас хурд нь эрс удааширч, нийт хүчин чадлынхаа 30 хувьд ч хүрэхгүй ажиллаж буй гэнэ. Тэгвэл Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ХХААХҮЯ-наас хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс эдгээр компьютерыг шинэчилж, одоогийнхоос 16 дахин илүү хүчин чадалтайг нийлүүлэхээр болжээ. Шинэ компьютеруудын тусламжтайгаар цаг агаарын урьдчилсан мэдээг урт хугацаанд илүү нарийвчлалтай боловсруулах боломжтой аж. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, ирээдүйн төлөвийг олон загвараар тооцоолон гаргаж, судалгааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
ЦУОШГ-ыг өндөр хурдны техник, тоног төхөөрөмжөөр хангах гэрээг талууд өнгөрсөн оны сүүлчээр байгуулжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр өндөр хүчин чадалтай, супер компьютер суурилуулах төслийг Монголоос гадна 2-3 улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдэл олширсон энэ үед урьдчилан болон зарлан мэдээлэх системийг цогцоор хөгжүүлэх нь чухал” гэв.
Н.Мишээл