Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй ижил хэмжээний төлбөр, хураамж авдаг болох асуудлыг бизнес эрхлэгчид, судлаачид олон жил хөндсөн. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын өмнөх сайд Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг ялгамжгүй тогтоосон юм. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа үүнийг өөрчилж, дотоод, гадаадын жуулчдаас авах хураамжийн хэмжээг тусад нь тогтоожээ. Шинэчилсэн журмын дагуу монголчууд дархан цаазат газарт нэвтрэхдээ 5000 төгрөгийн хураамж төлөх бол гадаадын иргэд 20 000-ыг тушаах нь. Дотоодын аялагчид байгалийн нөөц, цогцолборт, дурсгалт газарт зорчихдоо 1000-3000 төгрөг “хураалгах” бол гадаадынхан үүнээс 3-20 дахин ихийг төлөх аж. Тодруулбал, гадаадын иргэд манай улсын дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс нутагт нэвтрэхдээ багадаа 10 000 төгрөгийн хураамж төлөх зохицуулалтыг бий болгожээ.
Аялал жуулчлалын салбарынхан уг өөрчлөлтийг эсэргүүцэж байна. “Монголд зочлох жил” хэмээх санаачилга дэвшүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилго тавьж буй ч үүнийхээ эсрэг шийдвэр гаргаж, гадаадынхны “халаасыг сэгсрэх”-ийг урьтал болголоо гэж тэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг шүүмжлэв. Жуулчид аяллаа эртнээс төлөвлөж, маршрут, захиалгаа хэдэн сарын өмнө баталгаажуулдаг тул визийн нөхцөл, агаарын тээвэр, зочлох үйлчилгээ, хураамжтай холбоотой аливаа шийдвэрийг тодорхой хугацааны өмнө зайлшгүй урьдчилан мэдэгдэж байх ёстойг ч салбарынхаа сайдад анхаарууллаа. Үүнээс үүдэн тусгай хамгаалалттай газрын орчны бохирдол, аюулгүй байдлын асуудал ч энэ өдрүүдэд хөндөгдөж байна. Тусгай хамгаалалттай газруудаа бүгдийг нь цахим шийдэлтэй болгочхоод, хэзээд нээлттэй байдаг, нүүр улайлгахааргүй ариун цэврийн байгууламж байршуулчхаад төлбөр хураамжаа нэмэх хэрэгтэйг бизнес эрхлэгчдийн төлөөлөл дурдлаа.