Жолооч, замын цагдаа, явган зорчигчид өчигдөр замын хөдөлгөөний шинэ зохицуулалтад баахан будлилаа. “Хөөе, хаашаа явах гээд байгаа юм бэ. Цаашаа эргээд яв л даа” гэж хөдөлгөөн зохицуулагч хашгирч, “Манай чиглэлийн автобус үүгээр явдаг болсон гээ биз дээ, нэг цаг гаруй хүлээлээ, ирдэггүй ээ”, “Явган зорчигчийн гэрлэн дохио хэзээ асах юм бэ” гэж иргэд тэвдээд, жолооч нар “Би ШУТИС руу очих юм, Сансрын тунелиэр тойрох юм уу” гэж нэгнээсээ асууж байв.
Энхтайваны өргөн чөлөөн дэх долоон уулзвараар жолооч нарыг зүүн гар тийш эргэхийг хориглосон зохицуулалтыг өчигдрөөс мөрдөж эхэлсэн. Эдгээр долоон уулзварын нэгээр цагт 4000-4500 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гэх статистик бий. Энэ зохицуулалтыг хийснээр дээрх тоо 5000-6000 болж нэмэгдэх давуу талтай.
Мөн нийслэлийн авто замын ачаалал 20 орчим хувиар буурна гэж холбогдох албаныхан үзэж буй. Гэвч өчигдөр Энхтайваны өргөн чөлөөний ачаалал гойд нэмэгдэв. Иргэд зүүн гар тийш эргэхийг хориглосон талаарх мэдээлэл муутай, хөдөлгөөн зохицуулагчид гэрэл дохиог үл харгалзан замын ачаалалд
тохируулан дохиж байв. Тэд “Дөнгөж эхэлж байгаа болохоор бэрхшээл олон байна. Гэрлэн дохиог ч шинэ журамд нийцүүлэн зохицуулахгүй бол асалтаас нь шалтгаалж ачаалал үүсээд байна. Тийм болохоор бид нүдэн баримжаагаар зохицуулалт хийж байгаа” гэж ярив. Үүний улмаас явган зорчигчид авто замын хоёр талд бөөгнөрч, хүч түрэн уулзвар нэвтэрч байлаа.
Нэгдүгээр сургуулийн дэргэдэх туслах замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон учир жолооч нар “Цэцэг” төвийн уулзвараас зүүн эсвэл, баруун гар тийш эргэх учиртай. Гэвч үүнийг мэдээгүй олон жолооч цагдаагаар “бангадуулж” харагдсан. “Замын тэмдэг, тэмдэглэгээ нь огт харагдахгүй юм. Нэгдүгээр эгнээгээр автобус явдгийг бодолцож, нүдэнд харагдахаар газарт өлгөсөн бол байдал ондоо.
Зарим газарт тэмдэглэгээ алга” гэж иргэн Б.Содхүү ярив. Өнгөрсөн даваа гаригийн 00.00 цагт долоон уулзварын гэрлэн дохионы асах горимыг шинэчилсэн гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Б.Одбаяр хэлсэн юм. Харин тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж, шинээр байрлуулах ажил удахгүй дуусах гэнэ.
Улаанбаатарт гэрлэн дохио хүлээх хугацаа 120 секунд байсан бол шинэ зохицуулалтаар 80 секунд болж буурах юм. Харин цагт 32 км хурдалдаг автомашин 45 км-ийг туулах гэнэ. Мөн гэрлэн дохионы үечлэл гурав байсан бол хоёр болох гээд уг зохицуулалт давуу тал олонтой. Гэвч зүүн гар тийш эргэхийг хориглох нь эдийн засгийн хохиролтой байж болзошгүйг жолооч нар хэлэв. Тойрог хөдөлгөөн хийх зай 600-800 метр учир зарцуулах шатахуун, хугацаа ихсэнэ гэж тэд өгүүлсэн.
Мөн туслах замуудын ачаалал эрс нэмэгдсэн гэдгийг ч өгүүллээ. Жил бүрийн энэ үед замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Хичээлийн шинэ жилтэй давхцуулан ийм зохицуулалт хийж, ачаалал нэмэлгүй, зургаа, долдугаар сараас мөрдүүлж, хэвшүүлэх нь зүйтэй байсныг хэлэх хүн олон байв. Жолооч нар шинэ журамд дастал торгохгүй бөгөөд уг зохицуулалттай холбогдуулан замын цагдаагийн 500 гаруй алба хаагч өдөр, шөнөгүй зам дээр зогсон хөдөлгөөн зохицуулах гэнэ.