Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж буй жолооч нар өнөөдрөөс зүүн гар тийш эргэж болохгүй. Тодруулбал, баруунаас зүүн тийш явах бол “Цэцэг” төв, Төв шуудан, МУБИС, Бөхийн өргөө зэрэг долоон уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон. Уг зохицуулалтыг хийснээр уулзваруудын нэвтрүүлэх чадал 21-39, нэвтрэх хүлээлт 41-64 хувиар буурах тооцоо бий.
Тэгвэл уг зохицуулалттай холбогдуулан нийтийн тээврийн долоон чиглэлд өөрчлөлт оруулжээ. “Нисэх-Төв номын сан-Долоон буудал-“Зунжин” худалдааны төв” чиглэлийн автобус Төв номын сангаас “Санкт-Петербург” төв болон МУБИС-ийн дэргэд зогсдог байсан бол өнөөдрөөс Төв номын сангаас Сүхбаатарын талбайн баруун талаар явж, Бээжингийн гудамжаар дамжин, “Зунжин” худалдааны төв хүрч хуучин замналаар буцна.
Харин “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-“Цэцэг” төв-МУБИС” чиглэлийн автобус ГХЯ-ны уулзвараар баруун эргэж, “Цэцэг” төв, МУИС, МУБИС, Бөхийн өргөөгөөр дамжин явах нь.
“Хан хиллс хотхон-Ривер гарден-“Баян Монгол” хороолол-“Цэцэг” төв-МУБИС”-ийн чиглэл хуучин маршрутынхаа эсрэг буюу эхлээд “Цэцэг” төв орж МУБИС-иас буцна. “Сэлх-Долоон буудал-“Цэцэг” төв” чиглэлд үйлчилдэг нийтийн тээврийн маршрут мөн л эсрэг чиглэлээр явах болжээ.
Хүнсний IV дэлгүүрээс МУИС-МУБИС-“Цэцэг” төв-Хүнсний I дэлгүүрийн замаар явна гэсэн үг. “Шар хад-Сансар-“Ард” кино театр-ТЭЦ-3” чиглэлд үйлчилдэг автобуснууд Төв номын сангаас “Ард” кино театр, 64 дүгээр дэлгүүр, Сансрын тунелээр Шар хад орно. Төв талбай, МУБИС-ийн буудлаар дамжин Согоот руу явдаг “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн автобааз-Согоотын гудамж” чиглэлийн автобус Төв талбайн баруун талаар өгсөж, XI хорооллын авто замд нийлэн хуучин маршрутаараа буцах гэнэ.