Тэр өөрийн өндөр цалинтай ажлаа орхин илүү хариуцлагатай ажил болох багшийн ажлыг сонгожээ. Багш бүрийн л хийдгийн адил даалгавар өгч, шалгалт авч дүгнэдэг. Хэдэн жил ажилласны эцэст суралцагчдын сэтгэл зүйг судлах ажлаа эхлүүлж, шалгалтын үр дүнд хэн нь өндөр оноо авах бол гэдэг дээр таамаглал дэвшүүлдэг болсон байна. Үр дүн нь түүний анхаарлыг маш их татаж байлаа.
Зарим суралцагч хэрхэн яаж ангийнхнаасаа онцгой байж, хангалттай үнэлгээ авдаг вэ? Тэд төрөхдөө л IQ өндөртэй, мундаг болохоор уу эсвэл энд өөр ямар нэг зүйл нөлөөлж байна уу?
Сонирхолтой нь Angela Lee Duckworth-н судалснаар хамгийн сайн болон хамгийн муу оюутнуудын хоорондын гол ялгаа IQ-д байгаагүй. Онц сурлагатай сурагчид бүгд өндөр IQ-тай байгаагүй. Маш олон баримтаас харахад өндөр оюуны чадамжтай гэж бодсон хүүхдүүд шалгалтандаа унаж байхыг тэр харсан. Энэ нь харин ч бүр урвуу хамааралтай байх боломжтойг харж болно.
Тиймээс дахиад л нөгөө асуултруугаа эргэн орсон байна. Тэдний манлайллын нууц юундаа байна вэ?
Олон нөхцөл байдал дунд амжилтыг нь урьдчилан тааварлаж болохоор нэгэн зан чанар дээр тогтсон. Энэ нь сайхан зүс царай, бие бялдар, тэр бүү хэл IQ ч биш. Энэ бол "Тэвчээр". "Урт хугацааны зорилго тавин түүндээ хүрэх гэсэн чин хүсэл эрмэлзэл, цөхөршгүй оролдлого"-ыг л хэлээд байгаа юм. Гадны хүчин зүйлд үл автан, эзэмшиж буй боловсролдоо үнэнч байснаар нийгэмд эзлэх байр сууриа олж авна гэдгийг ухамсарлах явдал. Энэ бол ойрын зайн биш, холын зайн марафон гэж харж болно. Шаргуу хөдөлмөрлөж ирээдүйгээ бүтээх чадвар л хамгийн чухал. Гэтэл бидний тэвчээр хатуужлын талаарх ойлголт тун бага юм. Тэгвэл хэрхэн тэвчээртэй цуцашгүй хүсэл эрмэлзэлтэй байх вэ гэж олон эцэг эхүүд надаас асуудаг.
Яг үнэндээ мэдэхгүй юм. Хариулахад тийм ч хялбар зүйл биш юм. Авьяас хүнийг тэвчээртэй болгодоггүй. Авьяастай хүмүүс амархан шантрах нь ч байдаг. Анжелагийн ажиглалтын дүнд гоц авьяастай байх тусмаа тэд хичээдэггүй, өөрөөр хэлбэл эсрэгээрээ хөдөлмөрч чанар багатай болж таардаг. Stanford-ын их сургуулийн Доктор Carol Dweck-н өгүүлсэнчлэн сурах үйл явц зогсонги биш оролдлогоор сайжирдаг. "Хөгжихийн төлөөх сэтгэлгээ"-г суулгах хэрэгтэй байх. Хөгжихийн төлөө сэтгэлгээ гэдэг ойлголт бол "чиний итгэл үнэмшил, сурч мэдэх гэсэн хүслийг юу ч өөрчилж чадахгүй харин чиний оролдлогын үр дүнд бүх зүйл өөрчлөгдөх боломжтой гэдгийг хэлж байгаа юм. Энэ нь чи алдаж болно. Гэхдээ өнгөрснөөсөө суралцаж ирээдүйд хөгжих болно гэсэн үг юм. Ялагдал бол өөрчлөгдөшгүй нөхцөл байдал биш юм. Бид хамгийн шилдэг санаагаа, хамгийн хүчтэй зөн совингоо дандаа шалгаж үзэх шаардлагатай. Бид ялагдал алдаандаа бэлэн байх хэрэгтэй. Ингэж байж л бид дахин эхэлнэ. Өөрөөр хэлбэл хүүхдээ тэвчээртэй байлгахын тулд бид өөрсдөө тэвчээртэй байх хэрэгтэй юм.