Авто замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдлыг бууруулахын тулд хотын удирдлагууд иргэдийг нийтийн тээврээр зорчихыг уриалж буй. Мөн автобусаа тогтмол цэвэрлэж, засаж байх үүргийг компаниудад өгсөн.
Тухайлбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар өвөлжилтийн бэлтгэл хангах, нийтийн тээврийн стандартыг дагаж мөрдөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, жолооч нарын ур чадварыг дээшлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг баазын удирдлага, холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгоод буй.
Гэвч нийслэлийн Тээврийн газрынхан өнгөрсөн долоо хоногт 318 автобусанд утааны хэмжилт хийхэд 80 нь “муу” дүн авсан юм. Мөн үйлчилгээнд явж буй 1000 гаруй автобусны 250- ийнх нь ашиглах хугацаа дууссан байв.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нар өчигдөр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэх чиглэлд иргэдэд үйлчилдэг автобус компаниудын үйл ажиллагаатай танилцжээ.
Ингээд автобус компаниудыг суудлын бүрээсээ долоо хоног тутам угааж, эцсийн буудал бүрт очиж, цэвэрлэгээ хийх үүрэг өгөв. Мөн энэ үеэр ашиглалтын хугацаа нь дууссан 50 автобусыг нийтийн тээврийн шугамнаас татах санал компанийн удирдлагуудад тавьж, өнөө жилд багтаан парк шинэчлэл хийхээ хэлсэн байна.