Цирк, Японы Элчин сайдын яам, XIII, XV хороолол, Сансар, 21, 31 дүгээр сургуулийн орчмын айл өрхүүдийн халуун усыг өчигдрөөс эхлэн хязгаарлалаа. Эдгээр байршилд дулааны шугам засварын ажил хийж буй бөгөөд энэ сарын 14-ний өдөр хязгаарлалт дуусах аж.
Үргэлжлүүлээд III, IV хороолол, 40, 50 мянгат, Халдварт, Кино үйлдвэрийн орчимд халуун ус хязгаарлана. Дулааны шугам засварын ажилтай холбоотойгоор есдүгээр сарын 10-ныг хүртэл нийслэлийн дөрвөн хэсэгт халуун ус 5-7 хоногоор тасрах юм. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийнхан ээлж гарган өдөр, шөнөгүй засварын ажил хийж байна.
X хороолол орчмын дулааны шугамд гурван ч удаа гэмтэл гарчээ. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Таван шар”-аас “Москва” хороолол хүртэлх 1.8 метр хос шугамыг бүрэн шинэчилж байгаа аж. Энэ шалтгаанаар “Таван шар” болон X хороололд халуун ус удаан хугацаагаар тасарчээ.