Үерийн усны ам тосож буусан 3000 орчим айл бий гэсэн судалгаа өнгөрсөн онд гарч байв. Гэтэл энэ онд уг тоо хоёр дахин нэмэгдэж, 6000 болжээ. Нийслэлийн харьяат бус хүмүүс Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь эзгүй газарт хашаа хатгаж, гэрээ барьчихдаг аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг, Толгойт, Баянхошуу, Таван шар орчимд үер буудаг зургаан газар бий. Үүн дээр Баянзүрх дүүргийн XXI, XXVII хорооноос авахуулаад Улиастай, “Цайз”, Амгалан дахь эрсдэлтэй цэгүүдийг нэмбэл үерийн ус урсдаг 13 газар нийслэлд байдаг гэнэ.
Жил бүр “Үерт авлаа” гэх шуугиан тарьдаг Баянзүрх дүүргийн XXI хороонд очлоо. Сэлбэ голын эрэг дээр шороо асгаж, гэр барьсан айлын тоо нэмэгдэж, 40-үүлээ болжээ. Тус хорооны Засаг дарга Б.Наранцэцэг “Бид эдгээр айлыг нүүхийг байнга шаарддаг. Гэвч хэн нь ч биелүүлдэггүй. Тэдний олонх нь орон нутаг болон өөр дүүргээс шилжиж ирсэн. Нүүдэггүй шалтгаанаа “Буух өөр газар байхгүй” хэмээн тайлбарладаг. Хороо, дүүргийн зүгээс бүхий л арга хэмжээгээ авлаа. Дээрээс нь манай газрын наймаачид эдгээр айлаар “тоглож” байна” хэмээн ярив.
Өнгөрсөн жилээс тус хорооны нутаг дахь Хорих 407 дугаар ангийн орчимд айлууд зөвшөөрөлгүй буух болжээ. Ингэхдээ уул ухаж, үерийн аман дээр гэр, сууцаа барьж буй гэнэ. Уг нь тус хорих ангийн орчимд айл буулгах газар хангалттай газар бий ч нийслэлийн удирдлагууд тэнд газар өмчлүүлэхийг хориглосон аж. Гэвч өдгөө тэнд орон нутаг болон бусад дүүргийн 200 орчим өрх төвхнөжээ. “Уг нь Сэлбэ гол дагуух айлуудыг тийш нь нүүлгэх боломж бий. Иргэд ч татгалзахгүй. Үерийн аманд буусан, мэдээлэлгүйгээс тийм газар хашаа худалдаж авсан хүмүүсийг “Хохь чинь” гээд түлхэж болохгүй. Гагцхүү шинээр суурьшиж буйг л зогсоох шаардлага байна” хэмээн тус хорооныхон ярив.
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт “Одоогийн гаргаж буй тоог яг бодит гэхэд хэцүү. Дүүргийн ажлын алба хүн, хүч муутай. Нэг байцаагч 2-3 хороо хариуцдаг болохоор хаана, хэн гэдэг айл бууж байгааг мэдэх боломж хомс. Дээрээс нь үерийн аманд буусан айлуудыг жил бүр албадан нүүлгэх гэж хөрөнгө зардаг ч үр дүнд хүрэхгүй байна. Өнөө, маргаашгүй аадар орж, үер буух төлөвтэй байгаа. Тиймээс дүүргийн хэмжээнд албадан нүүлгэх ажлыг эхлүүллээ. Хүн амын төвлөрөл ихтэй хотод үерийн ам болон өндөр хүчдэлийн хязгаарлалтын бүсэд бууж болохгүйг иргэд мэддэг ч сул газар хараад л гэрээ барьж байна. Үүнийг хотын захиргааныхан бодлогоор цэгцлэх шаардлагатай” гэж ярив. Сонгинохайрхан дүүргийн хувьд ч нөхцөл байдал ижил байгаа аж. Зөвшөөрөлгүй буусан өрхүүд усанд автахаас авахуулаад төр, захиргаа, эмнэлэг гээд бүхий л байгууллагад ачаалал үүсгэж буй гэнэ.