Хөхний толгой гарч ирээгүй, хагарсан тохиолдолд хүүхэд хөхүүлэхэд зовуурь маш хүнд. Зарим ээжүүд энэ зовуурийг төрөхөөс дутахааргүй хэцүү гэдэг. Тэгвэл хөхөө шинжих талаар эмч нарын зөвлөгөөтэй танилцана уу?
Хөхний толгойгоо бэлдэх
Зарим бүсгүйчүүдийн хөхний толгой гарсан байдаг бол заримых нь гараагүй байдаг. Хөхний шигдсэн толгойг гаргахдаа хөхний толгойн нөсөөт хэсгээр дарж иллэг хийн, толгойг имэрч, зөөлөн татаж болно. Хүчтэй үрж, зулгааж имэрвэл хөхний арьс язарч, уураг хугацаанаас өмнө ялгарч болзошгүй. Анх төрж буй эхчүүд жирэмсэн үедээ хөхний толгойгоо зөв гаргах нь төрсний дараа хөхний толгой хагарах, хүүхэд хөхөндөө цадахгүй байх эрсдлийг бууруулдаг. Гэхдээ хөхний толгой гараагүй байна гээд жирэмсний эхэн болон дунд үед дураараа оролдож болохгүй шүү! Учир нь хөхний толгойг оролдож өдөөх нь өнчин тархинаас окситоцины ялгаралтыг нэмэгдүүлснээр савны булчинг чангаруулж, тонус өгч эхэлдэг. Ингэснээр дутуу төрөх эрсдэл үүсдэг. Иймд жирэмсний сүүлийн хугацаанд буюу төрөлт ойртсон үед хөхний толгойг норгож байгаад имрэх байдлаар нааш гаргах нь эх, хүүхдэд аюулгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Өтгөн хар цай болон буцалсан усаар эсвэл усанд орохдоо хөхний толгойгоо норгож имрэх байдлаар нааш татан гаргаж ирэх юм. Хөхний толгойг оролдож эхлэх хамгийн боломжит хугацаа нь төрөхөөсөө 14 хоногийн өмнөөс эхэлдэг.
Хөхөндөө массаж хийх.
Хөхөө зөөлөн илж массаж иллэг хийх нь цээжний булчинг суллаж, тайвшруулахаас гадна цаашид сүү үйлдвэрлэгдэхэд их нөлөөтэй. Иллэг хийхдээ хөхийг тойрог байдлаар хөхний толгой руу аажмаар чиглэсэн байдлаар илнэ. Үүний дараа хөхний толгойноос гадагш чиглэсэн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Мөн л төрөлт ойртсон үед иллэг хийгээрэй
Хэрвээ хөхний толгойгоо гаргаж чадаагүй бол яах вэ?
Энэ бол шантрах шалтгаан биш. Хөхний толгой нь гараагүй ч гэсэн хүүхдээ амжилттай хөхөөр хооллож буй олон бүсгүйчүүд байдаг юм шүү! Хөхний толгойгоо гаргаж чадаагүй бол дараах аргуудаас хэрэглэж болно.
Хөхийг хамгаалах зориулалттай хиймэл хөхний толгой эмийн сангуудаар зарагддаг. Энэ хамгаалалтыг хийгээд хүүхдээ хөхүүлж болно.
Хөхний толгой гаргагч мөн эмийн сангуудаар зарагддаг. Хүүхдээ хөхүүлэхийн өмнө ашиглан хөхний толгойгоо сорж гаргаад амлуулж болдог.
Төрсний дараа хүүхдээ хөхүүлэхийн өмнө гараараа иллэг хийн хөхний толгойгоо гаргаад амлуулсан ч бас болно.
Харин жирэмсэн үедээ хөхний саалтуур огт хэрэглэж болохгүй.
Хөхөө цэвэр байлгах
Хөхөө байнга бүлээн усаар угааж байх хэрэгтэй. Жирэмсэн үед ангир уураг ялгарах тохиолдол байдаг ба энэ үед хар цай эсхүл бүлээн усаар хөхөө угаах хэрэгтэй.
Мөн төрсний дараа хүүхдээ хөхүүлэх болон хөхөө саах бүртээ гараа, хөхөө угааж байгаарай!
Хөхөнд сүү орсны дараа хөхнөөс сүү их асгардаг ба энэ үед ээжүүд хөхний сүү шингээгч их хэрэглэдэг. Энэ тохиолдолд сүү шингээгчээ ойр ойр сольж байх хэрэгтэй. Учир нь энэ нь нян үржих таатай нөхцөл болдгийг анхаараарай!
Элдэв цуурхлаас болж санаа зовох хэрэггүй
Хэт жижиг хөхтэй эсхүл хөх томруулах мэс засал хийлгэсэн бол хөхөөр хооллож болдоггүй гэсэн цуурхалд бүү итгээрэй! Энэ нь Таныг хүүхдээ хөхөөр хооллох тэр аз жаргалаас холдуулах шалтгаан болохгүйгээр барахгүй ямар ч сөрөг зүйлгүй
Эх сурвалж:Doctorpro.mn