Нийслэлийн Тээврийн газраас автобусны эцсийн 11 зогсоолд жолооч нарт зориулсан байгууламж барихаар төлөвлөжээ. Байгууламжуудыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд зураг төслийг нь боловсруулаад байна.
Жолооч нар шинэ байгууламжид ээлжээ хүлээлцэхээс гадна амарч, хооллох өрөөтэй болох юм. Мөн автобус угааж цэвэрлэх гарааштай байхаар тусгажээ. Нийслэлд автобусны 716 буудал байдгийн 65 нь эцсийн зогсоол. Одоогоор эцсийн зургаан зогсоол байгууламжтай аж.
Тодруулбал, Нарангийн гол, Нисэх, Улиастай, Шархад, Баянхошуу, Дэнжийн мянгын эцсийн буудалд жолооч нарт зориулсан байгууламж барьж, ашиглалтад оруулжээ. Ирэх жилүүдэд эцсийн 65 зогсоолд үе шаттайгаар барилга байгууламж барих аж.
Өдгөө нийслэлд 2087 жолооч нийтийн тээвэрт үйлчилж байна. Хүйтэнд хөрч, халуунд халж явдаг тэдний олонх нь амралтын цагаараа амарч тухлах, цайлах өрөөгүй ажилладаг.