Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байна.
Тус айлчлалын хүрээнд өнөөдөр Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчдийг Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батжаргал, Зураг төслийн холбооны ерөнхийлөгч н.Дорж болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Герман улс, тэр дундаа Берлин хоттой бид шат шатандаа хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Одоогоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн журмаар мэргэжилтнүүдээ тэнд бэлдэж байгаа. Мөн газрын гүний дулааныг ашиглах асуудлыг судлах зорилгоор Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батжаргал, Зураг төслийн холбооны ерөнхийлөгч н.Дорж нар танай улсад туршлага судлаад ирсэн. Бид цаашдаа мэргэжилтнүүдээ танай улсад сургалтад хамруулах, газрын гүний дулааныг ашиглах тал дээр илүү хамтарч ажиллах хүсэлтэй байна." хэмээлээ.
Берлин хотын захирагч Михаель Мюллер "Бид танай улстай хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Барилга хот байгуулалтын яамны зүгээс гаргаж байгаа саналыг ч гэсэн уриалгаханаар хүлээн авч байна." хэмээлээ.