Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллынхон “үйлдвэрлэдэг”. Ялангуяа хаймар, дугуй болон бусад хаягдал түлж, хорт утаа гаргадаг айл өрх, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд багагүй “хувь нэмэр” оруулдаг гэх. Тийм айлууд, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах талаар сурталчлах үүрэг бүхий хөдөлгөөнт эргүүлүүдийг БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн хавар анх удаа ажиллуулсан. БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн хамтарсан “Цэвэр агаар-Иргэн миний үүрэг оролцоо” төслийн хүрээнд уг ажлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарыг дуустал хэрэгжүүлсэн юм.
Тэгвэл уг ажлыг ирэх сарын 1-нээс үргэлжлүүлэх болжээ. “Дулаарч, агаарын бохирдол арилсан гээд ажлаа орхихгүй, ухуулга, сурталчилгаа байнга явуулах шаардлагатай тул ажлаа эрт эхлэхээр төлөвлөсөн” гэж МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ онцолсон юм. Тэд энэ удаа агаарын бохирдлыг бууруулахад иргэд ямар үүрэг гүйцэтгэж болохыг сурталчлан таниулах аж. Мөн эргүүл хийх явцдаа хорооны хэсгийн ахлагч нартай хамтран, амьжиргааны түвшин доогуур, нүүрс түлээ авах мөнгөгүйгээс хаягдал түлэхээс өөр аргагүй болсон айлуудын талаарх мэдээллийг цуглуулж нэгтгэх юм билээ. Харин хэчнээн эргүүл хэрхэн ажиллуулах талаар өдгөө БОАЖЯ болон МБОИЗ-ийнхөн хэлэлцэж буй гэнэ.
Өнгөрсөн хавар МБОИЗ-ийн гишүүн 65 хүн сайн дураараа нэгдэж, өөрсдөө шатахууныхаа зардлыг гарган, төвийн зургаан дүүрэгт, 21 “Приус” автомашинаар эргүүлд гаргасан юм. Тэд хоёр сар орчмын хугацаанд нийт 3000 гаруй айлд очиж, нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг тодруулж, агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэд хувь нэмрээ хэрхэн оруулж болох талаар ухуулга хийжээ. Эргүүлүүд зөвхөн айлуудад очоод зогсохгүй гэр хороололд байрладаг үйлчилгээний газруудад дулаанаа хэрхэн шийдэж, юу түлж байгааг нь шалгасан байна.