Улаанбаатар хотод автобусны 716 буудал бий. Эдгээрийн 139-ийг олон улсын шаардлага хангасан, орчин үеийн шилэн сүүдрэвч, хогийн сав, гэрэлтүүлэг сандалтай болгож тохижуулсан байна. Өнөөдрөөс тохижуулсан буудлуудад англи галигтай, крилл үсгээр давхар тэмдэглэсэн чиглэлийн мэдээлэл байршуулах юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Худалдаа хөгжлийн банк, нийслэлийн Авто замын болон Тээврийн газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс дөрвөлсөн гэрээ байгуулжээ. Гэрээнд тусгасан ажлыг Францын “Жи Си деко” компани гүйцэтгэнэ. Нэг автобусны буудлыг тохижуулахад 25-30 сая төгрөг зарцуулдаг бөгөөд уг компани энэ ажлыг өөрийн хөрөнгөөр хийжээ.
Гэхдээ шилэн сүүдрэвчинд байршуулсан сурталчилгааны орлогоос зардлаа нөхөхөөр тооцоолсон байна. Эхний ээлжинд 242 автобусны буудлыг тохижуулахаас 139-ийг нь ашиглалтад оруулжээ. Мөн “Баруун дөрвөн зам”, “120 мянгат”, “МУБИС”, “Төв номын сан”-гийн автобусны буудалд лэд дэлгэц бүхий цахим мэдээллийн самбар байрлуулжээ. Энэ самбараас иргэд аль чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэх болон бусад мэдээллийг авч болох юм.