Энэ жил бага насны хүүхдүүд могойд хазуулж гэмтэх тохиолдол ихэссэн тухай бид мэдээлсэн. Энэ талаар амьтан судлаач, биологич Ц.Одбаяраас тодрууллаа.
Могой ихсэх болсон шалтгаан юутай холбоотой вэ?
- Энэ жил их гантай жил болж байна. Үүнтэй холбоотой амьтад усны хэрэгцээгээ хангах, амьдрах орчин таатай газрыг олох зорилгоор суурьшсан газар бараадаж хүмүүстэй таарах нь ихсэж байгаа.
Ингэж яваа амьтдыг хүүхдүүд сонирхож оролдоод л хазуулж байгаа нь тэр. Ер нь могой шууд л хазах гэж дайрдаггүй амьтан л даа. Хамгийн түрүүнд зугтах гэж л тэмцэнэ. Оролдоод байвал өөрийгөө байгааг илэрхийлж сүүлээ хүртэл шаравдаг. Харин өөрт нь аюул мэдрэгдэх үед тэсвэр алдан хазаж орхидог.
Монголд ямар төрлийн могой элбэг байдаг вэ?
- Эгэл загалмайт гэж могой бий. Орос улстай хил залгаа газраар элбэг. Энэ могойны хор үхэлд хүргэж болзошгүй.
- Бамбайн хоншоорт бол монголд хамгийн түгээмэл тохиолдох бас нэгэн төрлийн хортой могой. Гэхдээ айхтар аюулд хүргэхгүй. Хазуулаад эмчилгээ хийлгэсэн тохиолдолд долоо хоногийн дараа гэхэд хор нь бүрэн арилчихдаг.
- Сум могойн хортой шүд нэлээн хойноо байрладаг. Энэ могой зөвхөн гүрвэлээр хооллоно. Тэгэхээр аманд нь багтах хэмжээний гүрвэл л түүний шүдэнд хордоно гэсэн үг. Бид нар хазуулсан тохиолдолд хордох боломжгүй.
- Монголчуудын хэлж заншсанаар "Номхон бор". Энэ бол Рашааны могой. Монголд хамгийн элбэгт тооцогдох хэдий ч хоргүй болохоор аюулгүй.
Хэрэв могойд хазуулвал газар дээр нь ямар арга хэмжээ авах вэ?
Хазуулсан дариудаа хорыг шахаж гаргах, сорж авах арга бий. Могойн хор зөвхөн цусанд үйлчилдэг тул амны хөндий гэмтээгүй тохиолдолд сороход яах ч үгүй. Ингээд эмнэлэгт очтолоо сахартай бүлээн ус маш сайн уугаарай гэж зөвлөх байна.
Хуруу, үе, мөчин дээрээ хазуулчихаад юмаар боох бол хамгийн буруу үйлдэл шүү. Харин ч тэр хорыг зөвхөн тэр хэсэгт боох биш тараах нь зөв. Ингэж байж хорны үйлчлэл саармагжина. Эс бөгөөс хазуулсан гар, хуруугаа тайруулахаас өөр аргагүйд хүрдэг.
Монголд бамбайн хоншоорттой урд хилээс хойд хил хүртэл шахуу таарна. Ер нь могойн нутагшил хаа сайгүй. Уул хадтай, устай, модтой гээд байхгүй газар гэж үгүй. Өнгөрсөн жил Улаанбаатар хотоос Байгаль Орчныхон надаар дөрвөн ч удаа могой бариулсан. Тэдгээрийг Богд ууланд аваачиж тавьсан. Тэгэхээр могойтой хаана ч таарж болзошгүй юм. Харин таарсан тохиолдолд оролдолгүй тайван явуулах нь хамгийн том сэрэмжлэл болно шүү.