Өглөө эртлэн босоод, цайныхаа гангарааг өмсөөд гэр бүлээрээ сонгуулийн штаб уруу явдаг байлаа...
Өнөөдөр бол Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өдөр. Бас бүх нийтийн амралтын өдөр. Энэ өдрийг иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлэхийн тулд амралтын өдөр болгож өгдөг билээ. Нэг ёсондоо өнөөдөр та сонгуулиа өгөхийн тулд амарч байгаа гэсэн үг.
Тэгвэл сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ирцийн талаар эхний мэдээллийг хийхэд 12.00 цагийн байдлаар:
Аймгуудийн хүрээнд: 22.7%
Нийслэлийн хүрээнд: 19.6%
Улсын хэмжээнд: 21.3%
Энэ бол сонгуулийн ирц маш муу байгааг илтгэж байгаа юм. Сонгуулийн хорооноос энэ мэдээллийг авчихаад гарж явахдаа хүмүүс хааччихсан юм бол гэж бодлоо. Эргэн тойрноо харлаа. Нээрэн замын хөдөлгөөн ч ачаалалгүй. Бараг хоосон шахуу, эл хуль харагдах нь тэр. Ингээд ямагт ачаалалтай байдаг хотын төв зам ямархуу байгааг сонирхвол бас л хоосон шахуу. Чимээ анир ч алга. Ойролцоох сонгуулийн штабаар дайраад өнгөрлөө. Ажилтан, ажиглагч, цагдаа нараас өөр зүйлгүй, тайван сайхан байх юм.
Уг нь бид өнөөдөрт хамгийн ажил хэрэгч хандах ёстой. Гэхдээ одоо ч гэсэн оройтоогүй байгаа шүү. Өнөө оройн 22:00 цаг хүртэл сонгуулийн штабууд ажиллана. Та бүхэн халуунд халширч, залхуурч суулгүй сонгуульдаа идэвхитэй оролцоорой.