Хотын гудамжинд хамгийн олон гардаг гэмт хэрэг бол халаасны хулгай. Тэгвэл урт гартнуудад халаасаа тэмтрүүлдэг үе ард хоцорлоо. Хэрэв тэд гараа бусдын халаас руу шургуулбал нийслэлийн 1500 орчим цэгт байрлуулсан камер үйлдлийг нь бичиж авна. Ингээд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Удирдлагын төвийн ажилтнууд эргүүлийн цагдаа нарт эл хэргийг мэдээлж, хулгайч нарыг цаг алдахгүй илрүүлэх боломжтой боллоо.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн талбай болон авто замын орчим суурилуулсан 1500 орчим камерыг нэгдсэн системд холбож, нэг дороос удирдах Удирдлагын төвийн нээлтийг өчигдөр хийв. Улаанбаатар хотын Цагдаагийн газарт байгуулсан эл төвд нийслэл дэх худгийн тооноос авахуулаад бүх мэдээлэл бий.
Мөн цагдаагийн байгууллагын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн утсанд ирсэн дуудлага бүр тэнд хадгалагдах юм. Цагдаагийнхан эл мэдээллүүдэд тулгуурлан гэмт хэрэг хамгийн олон гардаг байршлуудыг тодорхойлж, эсрэг арга хэмжээ авах боломж бүрдэж буй. Мөн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар хаана үүрэг гүйцэтгэж байгааг хянах боломжтой аж.
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын хэлж буйгаар тус төвийн серверт 5000 камер холбож болох ажээ. Удахгүй дүрс, царай, тээврийн хэрэгслийн дугаараар гэмт этгээдийг илрүүлдэг болох гээд дэвшил олонтой уг төвийн сангаас төр, захиргааны байгууллагууд өөрсдөдөө хэрэгтэй мэдээллийг авч, нийгмийн хэв журмыг сахиулах боломжтой.
Дашрамд, “Камержуулалт” болзолт уралдааны шилдгүүдийг өнөөдөр тодруулах юм байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж болон СӨХ-д амьдарч буй орчиндоо 534 сая төгрөгийн өртөг бүхий 2211 камер суурилуулжээ.