Баянгол дүүргийн иргэд ая тухтай, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, “Дугуйтай Баянгол” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн Гэрлэх ёслолын ордны урд буюу Х хорооллын далан дагуу нэг км орчим дугуйн болон гүйлтийн зам тавьж, өчигдөр нээлээ. Уг нээлтийн ёслолд хүүхэд багачууд дугуйтайгаа ирцгээжээ. Тэд шинэ замын “ид шидийг” үзэж нааш цааш салхи татуулан давхисан төдийгүй тэмцээнд оролцож, дугуй унах чадвараа гайхуулсан юм.
Тус дүүргийн Биеийн тамир спортын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сараас дүүргийнхээ аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдээс бие бялдрын түвшин тогтоох сорил авчээ. Уг сорилд “UBS” телевизийн хамт олон тэргүүн байр эзэлснийг дугуйн замын нээлтийн үеэр танилцуулж, талархал, үнэ бүхий зүйлээр шагнав. Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул “Манай дүүрэг хүүхдэд зориулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Өнөөдөр (өчигдөр)-ийн “Дугуйтай Баянгол” өдөрлөгийг дүүргийнхээ Усан спорт сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байна.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд манай дүүргийн 180 айл гэртээ орчин үеийн халаалт тавьсан. Дээрх айлуудын 80 хүүхдийг усан спорт сургалтын төв болон дугуйн клубт үнэ төлбөргүй сургаж байгаа. Тэдний зарим нь өнөөдөр (өчигдөр)-ийн дугуйн тэмцээнд оролцож буй. “Дугуйтай Баянгол” хөтөлбөрийг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд “дугуйчин” хүүхдүүд гурван насны ангиллаар өрсөлдөж, “Дугуй унахын ач холбогдол” сэдвээр эсээ бичлэгийн уралдаанд оролцсон. Өмнө нь энд хогоор дүүрсэн далан байсан.
Бүх хогийг цэвэрлэн, суурин дээр нь Гэрлэх ёслолын ордон, Ахмадын холбоо байгуулж, гүйлтийн зам, амралт чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай барьснаар иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдлээ. Дугуйн замыг нийтдээ 1.5 км урттай байна гэж төлөвлөсөн ч далангийн уртаас шалтгаалан хараахан тэр хэмжээнд хүрээгүй. Гэхдээ далангийн доод талын шороон зам дээр гүүр тавьж, дугуйн замтай холбон, хатуу хучилттай болгохоор ажиллаж байна.
Түүнчлэн орчин үеийн, шинэлэг тохижилт, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Ирэх наймдугаар сараас манай дүүрэг Тэрэлжид “Баянгол” зуслантай болно. Уг зусланд амрах хүүхдүүдийг “Цонжин болдог”-оос цааш дугуйгаар аялуулан, бүтээн байгуулалттай танилцуулах хөтөлбөр гаргасан” гэж ярилаа.