Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Говь” ХК-ийн үйлдвэрийн байранд уржигдар 20.45 цагт гал гарсан нь олон хүнийг түгшээв. Галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын бүх анги байгууллага, нийслэлийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид болон тус компанийн ажилчид ажилласан юм.
Тодруулбал, Гал унтраах, аврах 11 ангийн 158 алба хаагч, 31 машин, Ус сувгийн удирдах газар болон нийслэлийн Хот тохижилт, үйлчилгээний газар зэрэг байгууллагын 200 гаруй хүн галын голомтод ажиллаж, өчигдөр 16.00 цагийн үед буюу 19 цагийн дараа бүрэн унтраалаа.
Бид 11.00 цагийн үед “Говь” компанийн үйлдвэрийн байранд очив. Тэр хавийн замыг хааж, зөвхөн гал түймэр унтраах зориулалтын машиныг зорчуулж байв. Нэвтрэхийг хориглосон бүсэд хэвлэлийнхэн унаа машинаа орхиод цааш алхан тэнгэрт олгойдсон хар утаа суунаглаж буй хэсэгт хүрсэн юм. Хэдийгээр галын тархалтыг 07.00 цагийн үед унтраасан ч шатсан дээврийг задалж байсан юм.
“Галын тархалтыг зогсооно гэдэг аюулгүй болгохыг хэлж буй. Гэсэн ч гал дээврийн бусад хэсэгт асаж байх боломжтой. 25 мянган ам метр талбай бүхий барилгын дээврийн 80 гаруй хувь нь шатсан. Дээврээс дээш 30 см өндөрт банз, 3-4 см зузаантай хар цаасан давхарлагаатай мансард байгаа. Дунд нь дулаалгын хөөсөнцөр, шилэн хөвөн зэрэг шатамхай материал бий учраас гал маш хурдан тархсан. Дээврийн хэсэгт байгаа олон давхар хөөсөнцөр, хар цаас, банзыг бүгдийг нь хуулж, гал гарах аюулгүй болгосны дараа бүрэн унтраасанд тооцно” гэж НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар тайлбарлав.
Мөн тэрбээр “ЦЕГ-ын харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс “Говь компанийн дээвэр шатаж байна” гэсэн дуудлага ирлээ гэх мэдээлэл авангуутаа тус компанид хамгийн ойр байрлах ангийг гаргасан. Уг үйлдвэрээс хоёрхон км-ийн зайд байрлах Гал унтраах, аврах 14 дүгээр ангийнхан таван минутад очсон. Галын голомт олдохгүй, дээвэр битүү шатаж байсан учраас нэмэлт хүч дуудсанаар Гал унтраах, аврах дөрвөн ангийн алба хаагчдыг авчирсан. Одоогийн байдлаар Гал унтраах, аврах бүх ангийн алба хаагч галыг нэмж тархаахгүй, доод давхар руу оруулахгүй байхад анхаарч ажиллаж байна.
Богд ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчдаас 70 орчмыг нь энд авчирсан. Бидэнд хоол хүнс, ус авчирч өгөхийн зэрэгцээ сэтгэл санаагаар дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа” гэж ярив. Монгол Улсын урдаа барьдаг үндэсний томоохон үйлдвэрт ийн гал гарсанд харамсаж, халаглаж буй хүн цөөнгүй. Тэд зүгээр хараад суухыг хүсээгүй бөгөөд сошиал ертөнцөд “Говь” компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалахаас эхлээд хандив цуглуулъя гэсэн санаачилга гаргасан юм. “Сүү”, “Жүр үр”, “Пицца хат”, KFC зэрэг компанийнхан гал сөнөөгчдөд хоол, цэвэр ус, сүү өгч байв.
12.00 цагийн үед “Говь” ХК-иас мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “Үйлдвэрийн байрны дээврийн хэсэг шатаж, ноцтой аюул учирсан ч эрдэнэт хүний амь, эрүүл мэнд хохироогүй болно. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Галын голомтод ажиллаж байгаа онцгой байдлын газрынхан болон бусад байгууллагад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Мөн үндэсний үйлдвэрийнхээ төлөө сэтгэл зовнин, залбирч суугаа Монголынхоо ард түмэнд баярлалаа” гэжээ. Хэдийгээр галын шалтгаан, хохирлын хэмжээг цагдаагийнхан тогтоох боловч тус үйлдвэрийн дээврийг засаж байх үед гал алдсан байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлж буй юм. Уг үйлдвэрийг 1981 онд барьсан бөгөөд дээврийг нь байсхийгээд л засдаг байж.
“Галыг үйлдвэрийн байр руу оруулалгүй унтраасан, оёдлын болон нэхэгч машин, тоног төхөөрөмж шатаагүй, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийг боломжийнхоо хэрээр гаргасан, ус орохоос хамгаалж техник хэрэслийн 80-90 хувийг гялгар уутаар бүтээсэн” гэж галын голомтод ажилласан Д.Эрдэнэбаатар дарга ярьсан. Гал сөнөөгчид шөнөжин, өдөржин тасралтгүй ажилласны хүчинд “Говь” үйлдвэрийг бүхэлдээ галд өртөхөөс хамгаалж чадсан ч тус компанид их хэмжээний хохирол учирсныг тэндхийн ажилчид хэлж буй. Эх сурвалжийн хэлснээр уг үйлдвэрт захиалгаар гадаад улс руу гаргах гэж байсан бүтээгдэхүүн их хэмжээгээр байсан аж.
Түүхий эд, бүтээгдэхүүнээ галаас өрсөж гаргасан ч утаа, угаар шингэсэн байгааг учирласан юм. Хөөсөнцөр, хар цаас, шилэн хөвөнгөөс ялгарах хортой утааны үнэр аливаа эд юмсад амархан шингэдэг гэнэ. Тус компани гал гарахаас өмнө үйлдвэртээ шинэ тоног төхөөрөмж авсан байсныг ч дуулгав. Хэдийгээр гялгар уутаар техник хэрэгслээ хучсан ч ажиллах, эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байгаа гэнэ. Тус компанийнхан үйлдвэрт нь хэр хэмжээний түүхий эд, бүтээгдэхүүн байсныг хэлэхээс татгалзсан бөгөөд галын дүгнэлт гарсны дараа л тодорхой мэдээлэл өгнө гэсэн юм.
Тус компани Монголдоо даатгалтай хэдий ч тэр нь гэнэтийн энэ аюулын дараах хохирлыг барагдуулахад тал хувьд ч хүрэхгүй гэх. “Говь”-ийн ажилчид 13 дахь сарын цалингаа авах гэж байсан үед нь гал гарч, гарз хохирол учраад байгаа юм. Тэд “Юун шагнал. Цалингүй гурван сар ажиллахад ч бэлэн” гэцгээж буй сурагтай. Гэвч чоно борооноор гэгчээр шөнийн цагт гарсан галын үеэр ноолууран бүтээгдэхүүнийг нь нааш, цааш болгох гэсэн хуншгүй нэгэн ч байжээ.
1500 гаруй хүний ар гэрийг тэжээж буй уг үйлдвэрт гарсан галыг шуурхай унтраахад үндэсний томоохон үйлдвэрүүд тусалсан бөгөөд Ус сувгийн удирдах газрын таван тоннын багтаамжтай ус тээвэрлэгч 11, Хот тохижилтын газрын долоон тоннын багтаамжтай ус тээвэрлэгч зургааг ажиллуулснаас гадна “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 68 тоннын даацтай вагонцистерн усаар тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн юм. Тус нийгэмлэгийн Гал унтраах ангийн салаан захирагч Д.Ганбаатар “Бид 02.30 цагт дуудлагаар ирсэн. Хоёр дахь удаагаа 68 тн ус зөөвөрлөж авчраад байна. Ингэж усны эх үүсвэрийг ойртуулснаар галыг шуурхай унтраахад ихээхэн хувь нэмэртэй. Одоо 12 машин ус зэхчихсэн байна” гэлээ.
Гүн хар утаа дуниартаж буй барилгаас хэдий хол байсан авч нүд хорсоод хэцүүхэн байв. Гэтэл онцгойгийнхон тэр гүн хар утаа, улаан гал дунд ажиллаж байна гэж бодохоор тэдний эр зоригоор бахархах сэтгэл төрснийг нуух юун. Хорт утаанд хордсон болон гэмтсэн хүн байхгүй ч түргэн тусламжийн эмч нар тэнд ажиллаж байлаа. НОБГ-т хорт утааны баг 1000 орчим хэрэгтэйгээс дөнгөж 50 хувийг нь хангасан талаар аврагчид ярьж байв. Хорт хий утааны нэг ширхэг баг 2.5 сая төгрөгийн үнэтэй аж.
Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн топ таван үйлдвэрийн нэгд зүй ёсоор тооцогддог “Говь” компанийн хувьцааны ханш гал гарсантай холбоотойгоор 14.96 хувиар унажээ. Энэ нь Хөрөнгийн биржийн өчигдрийн хамгийн өндөр бууралттай хувьцаа болоод буй гэнэ. Хоёр долоо хоногийн дараа галын дүгнэлт гарах бөгөөд ТЕГ-ынхан нөхцөл, шалтгааныг тогтооход оролцох сурагтай.